Наадам сайхан боллоо.Увсын 100 жилийн ойг улс даяараа бахархам бахдаж үзлээ, огшлоо. Харин баяр наадмын үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд, Улаанбаатар дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн сайдын яриа олныг эгдүүцлийг хүргэж орхив. Тэрбээр “Увс аймгийн 100 жилд зориулж, увс нутгаас угшилтай 14 хандивлагч биет болон биет бусаар 11 орчим тэрбум төгрөг хандивласан. Мөн орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай морь барианы газар тэргүүтэй газруудад хийсэн. Жишээ нь 4.5 тэрбум төгрөгөөр цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг хийсэн.
Энэ ажлыг шийдвэрлэхэд гол нөлөө үзүүлсэн хүн бол Барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь. Ж.Батсуурь сайд асан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл бид гурав нийлж 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2025 оны улсын төсөвт бүрэн суулгасан. Ж.Батсуурьдаа баярлалаа. Мөн Улаангом хотын төв цэнгэлдэх орчмын тохижолт цахилгаан хангамж төв замын гэрэлтүүлгийг шийдвэрлэхэд, МИНИЙ багцаас 2 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан.
Түүнчлэн баруун тойргийн төв зам гээд төв цэнгэлдэхтэй холбогдож байгаа 2,8 км замыг 2024-2025 оны төсөвт суулгаад шийдвэрлээд дуусаж байна. Мөн Төв цэнгэлдэхийн барилга тохижуулалтад Барилга хот байгуулалтын сайдын багцаас 670 сая төгрөгийг гаргасан. Бас Байгаль орчны сайдын багцаас хөрөнгө гаргаж, нуурын эрэг болон цэнгэлдэх орчимд боловсон нойлуудыг байршуулсан. Энэ ажилд идэвхийлэн дэмжиж ороцсон С.Одонтуяа сайддаа баярлалаа” гэв.
Монгол Улсын эрчим хүчний сайдын багц яг хэдийнээс таных болсон талаар тайлбар хийж өгнө үү, Б.Чойжилсүрэн сайд аа.