Улаанбаатар хотноо "Grand Slam" буюу Их дуулга тэмцээн 2022 оноос хойш амжилттай зохион байгуулагдаж буй билээ. "Grand Slam" нь Олимпын эрхийн оноо олгодог өндөр зэрэглэлийн чухал тэмцээн юм. Тэгвэл энэхүү тэмцээн нь ирэх долоо хоногийн Баасан гараг буюу долдугаар сарын 25-аас 27-ны өдөр хүртэл “Степп Арена” цэнгэлдэхэд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд 29 орны 240 гаруй дэлхийн шилдэг жудочид ирж хүч үзнэ.
Тэмцээний нийт шагналын сан 154’000€ бөгөөд:
- Алтан медаль- 5000€
- Мөнгөн медаль- 3000€
- Хүрэл медаль- 1500€
- Дасгалжуулагч тус бүр тухайн тамирчны шагналын 20 хувийг тус тус хүлээн авна.
IJF-ийн ерөнхийлөгч Мариус Визер: “Монгол бол жүдогийн шинэ үеийг эхлүүлж буй орон” хэмээн тэмцээний ач холбогдлыг онцоллоо.
Өнгөрсөн жилийн тэмцээнээс Монголын тамирчид нийт зургаан медаль хүртэж байсан бол энэ жилийн хувьд шагналын тавцан дээр илүү олон Монгол орны далбаа мандах төлөвтэй байна. Учир нь Монгол Улсын баг уг тэмцээнд нийт 50 гаруй жүдоч оролцуулах ба дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг Л.Анхзаяа, О.Цэцэнцэнгэл, Э.Ням-Очир нарыг өндөр амжилт үзүүлэх байх хэмээн Монголчууд найдан хүлээж буй.
Тус тэмцээнийг Монголын жүдогийн холбоо, Биеийн тамир спортын хороо, "IJF" болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар нар хамтран зохион байгуулж байгаа ба зочид буудал, виз, тээвэр, татами зэрэг бүхий л шаардлагатай бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж дуусжээ.