Дэлхийн оюутны спортын зуны XXXII “Универсиад” наадам Германы Дуйсбург хотноо эхэллээ. Нээлтийн ёслолыг 35 мянган хүний суудалтай “Шайуинсланд Рейсен Арена”-д “Бүгд нэг” уриан дор зохион байгуулав.
Наадмын галт бамбарыг зургаан аяганд зэрэг асаасан нь өмнөх наадмуудаас ялгарна. Энэ удаагийн наадамд 114 орны 8500 тамирчин спортын 18 төрөлд хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Харин манай улсаас байт харваа, волейбол, жүдо, сагсан бөмбөгийн 3х3, таеквондо, хөнгөн атлетик, усанд сэлэлт, теннис, туялзуур сэлэм, ширээний теннис гэсэн төрөлд 120 орчим тамирчин илгээжээ. Манай шигшээ багаас ширээний теннис, 3х3, усанд сэлэлтийн тамирчид тэмцээнээ эхлүүлсэн.
Ширээний теннисчид Хятадад 0:3-аар хожигдож, хэсгийн сүүлийн тоглолтоо Ливантай хийхээр болов. Хожвол дараагийн шатанд шалгарна. Харин 3х3-ын эмэгтэйчүүд Хятад, Украины багт хожигдсоноор наадмаа дуусгалаа. Тэгвэл усан сэлэлтийн тамирчдаас 100 метрийн эрэгтэйчүүдийн чөлөөт сэлэлтэд Ц.Гүнбилэг 1:10.75 секундээр 48, Б. Хангал 1:20.47 секундээр 54 байрт шалгарлаа. Мөн эрвээхэй сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд Г.Эрхэс 32.18 секундын амжилтаар цагаар 47 дугаар байрт оржээ. Эрэгтэйчүүдийн 50 метрт У.Бэлгүдэй 26.58 секундэд барианд орсон байна.