Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт энэ сарын 24-30-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажил үүргийн чиглэлээр явсан албан томилолтын үеэр ноцтой ёс зүйн зөрчил гаргасан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, “Хөгжлийн түлхүүр” туршлах-судлах хөтөлбөрийн хүрээнд тус байгууллагын 13 албан хаагч Өмнөговь аймгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах томилолтоор ажиллажээ.
Буцах замд БШУГ-ын дарга О.Ариунгэрэлт нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байгууллагын гурван эмэгтэй ажилтанд үг хэлээр доромжлох, бие махбодод халдах зэрэг ноцтой хүчирхийллийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл гаргажээ. Хохирогчдын мэдээлснээр тухайн үед дарга нь тэдний үснээс зулгаан, алгадаж, хараалын үг хэллэгээр доромжилсон бөгөөд энэ нь төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна.
Боловсролын салбарыг удирдаж буй хүн өөрөө ийм ёс зүйгүй, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж байгаа нь сурагч, өсвөр үеийнхэнд ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ? Орхон аймгийн боловсролын салбарын нэр хүндийг унагасан дээрх үйлдэлд холбогдох ёс зүйн болон хууль хяналтын байгууллагууд нэн даруй шалгалт хийж, тодорхой шийдвэр гаргана биз.Хохирогчид цагдаагийн байгууллага болон шүүх шинжилгээний байгууллагад албан ёсоор хандсан бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.