УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар өмнө нь УИХ-аас буцсан Гурилын гаалийн албан татварыг сэргээх хуулийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжсэн. Мөн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд соёрхон батлах тухай санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон 85 гишүүний 66 нь буюу 77.6 хувь нь дэмжсэнээр дээрх зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсанд тооцсон юм.
“Эрчим хүч-3 төсөл”-өөр Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх юм. Үүнд зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй, банкны үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 0.25 хувь байх юм. 2029 онд хэрэгжиж дуусах уг төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.