Морьт харвааны морьд хулгайлагдаж эцэст нь бойнд орж махлуулж үхэж, үрэгдэж дууссан эмгэнэлт үйл явдалд монголчууд санаа тавьж морьт харваа хэмээх өв соёл, уламжлал, спорт байдгийг олж мэдэцгээлээ. Тиймдээ ч морьт харваачдад тохиолдсон уй гашууг хуваалцаж, моринд хайртай олон сайхан хүмүүс хүлэг морь бэлэглэх сайн дурын ажил эхэлсэн хэрэг. Түүнчлэн морь бэлэглэх боломжгүй ч сэтгэлээ тайтгаруулах гэсэн сайхан сэтгэлт монгол ахан дүүс нь хандив өргөж эхэлсэн юм.
Тэгвэл морьт харваачид эл мөнгөөр зургаадугаар сарын 20-ноос, долдугаар сарын 5-н хүртэл Намнаа академи болон Талын Дайчид клуб хамтарч үнэ төлбөргүй морьт харвааны сургалтыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Сургалт Жаргалантын аманд зохион байгуулагдх бөгөөд анхан шатны сургалт хоёр цаг үргэлжлэх аж. Тодруулбал, нум, сумаар харвах, хурдан сумалгааны техник, морь унаж сурах гэсэн хөтөлбөртэй аж. Түүнчлэн ирэх сарын дундуур 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах Морьт харвааны тэмцээнээ зохион байгуулагдсаны дараа есдүгээр сарын эхээр хандивлагч нартаа зориулсан ӨДӨРЛӨГ зохион байгуулах юм байна.
Мөн хандив илгээсэн бүх хүнд, Н. Алтанхуяг багшийн МОНГОЛ ХАРВАА НАМНАА номыг бэлэглэнэ гэлээ. Мөн есдүгээр сарын дундаас Намнаа академи болон Талын дайчид клуб хамтран Монгол Улсын 21 аймагт хүрэлцэн очиж сургалт явуулж, нум, сум, хоромсого, саадаг бэлэглэхээр төлөвлөжээ.
Сургалт болох хаяг: Буянт ухаа нисэх онгоцны буудлын чанх урд Алдар толгойн өвөрт
Холбогдох утас; 99887922, 88085401