Шүүхээс "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарыг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв. Тодруулбал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх ... үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг цагдан хорих саналыг хянан хэлэлцэж, 30 хоногоор цагдан хорихоор шийдвэрлэв.
Эргэн сануулахад эрчим хүчний салбарт хэрэгжүүлсэн төсөлд Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий хуулийн этгээдийг оролцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” үндэслэлээр Н.Тавинбэхийг 2026 оны нэгдүгээр сарын 14-ний шөнийн 23 цаг 20 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан билээ.




