Нийслэлийн иргэд ногоон оноо цуглуулж, түүгээрээ цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох асуудлаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
НЗД-ын орлогч А.Амартүвшин “Ногоон оноо цуглуулах санаачилга бол бидний хэрэгжүүлж буй ажлын зөвхөн нэг хэсэг. Иргэд ногоон байгууламж нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний гудамжийг засварлуулах зэрэг санал, хүсэлтээ төрд илэрхийлдэг. Гэвч олон шат дамжлага дамждаг тул нэг худгийн таг нөхөж тавих санал ч цаг хугацаа их авдаг. Иргэдээс ирэх ийм саналыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор уг шийдлийг гаргасан.
Иргэд эрүүл, аюулгүй амьдрах орчныхоо талаар саналаа илэрхийлснийхээ төлөө оноо авч, түүнийгээ өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах боломжтойгоор онооны системийг хэрэгжүүлье гэсэн санал гарсан.
Энэ бол иргэний идэвхийг үнэлж байгаа хэлбэр. Иргэн, дүүрэг, хороо, нийслэл хамтарч ажиллаж байж Улаанбаатар хотын хөгжил болоод тулгамдаж буй асуудлуудыг цаг тухай бүрд нь шийднэ. Иргэд ногоон оноогоо нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнд зарцуулж болно. Тухайлбал, цахилгаан, түлш, СӨХ-ны төлбөртөө үүнийг ашиглах боломжтой. Оноо цуглуулж тоглоом шиг зүйл хийж байна гэж зарим иргэд шүүмжилж байна. Тийм асуудал байхгүй. Эрүүл иргэнтэй хотын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэхийн тулд уриалж байгаа юм. Энэ бол иргэдийн сонголтын асуудал. Ногоон оноо тооцох ажил одоохондоо журмын боловсруулалтын шатандаа явж байгаа” гэлээ




