Цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай хэмжээнд хүртэл баяжуулсан ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй байхыг Ираны эрх баригчид зөвшөөрсөн тухай Оманы Гадаад хэргийн сайд Бадр аль-Бусаиди Америкийн CBS телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр АНУ, Ираны хооронд хийж буй хэлэлцээнд зуучилж байгаа юм.
“Цөмийн бөмбөг хийхэд шаардлагатай цөмийн ямар ч материалыг Иранд байлгахгүй гэсэн тохиролцоонд хүрсэн явдал бол хамгийн чухал ахиц дэвшил гэж үзэж байна” хэмээн сайд хэлжээ. Тэрбээр цааш нь ярихдаа, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хуучин гэрээнд ийм зүйл байгаагүй. Энэ бол цоо шинэ зүйл юм” гэсэн байна.
Ирантай хийж буй хэлэлцээний үеэр уран баяжуулахаа бүрмөсөн зогсоохыг шаардаж байгаа гэж АНУ-ын засаг захиргаа өмнө нь мэдэгджээ. Хэрэв хэлэлцээний ширээний ард сууж, цөмийн зэвсгээс бүрэн татгалзсан “шударга гэрээ” байгуулахгүй бол хүч хэрэглэхэд бэлэн байгаагаа Америкийн эрх баригчид өнгөрсөн нэгдүгээр сард анхааруулж байв. Харин Ираны тал цөмийн бөмбөг бүтээх зорилго байхгүй гэж удаа дараа мэдэгджээ. Пентагон Ойрх Дорнодод нисэх онгоц тээгц хоёр хөлөг онгоцоо байрлуулаад байгаа юм.
АНУ-ын засаг захиргаа Ирантай тохиролцоонд хүрэхэд цаад тал нь 15 хоногийн хугацаа олгож байгаагаа хоёрдугаар сарын 19-нд мэдэгдсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран-АНУ-ын хэлэлцээний гуравдугаар үе шат Оман улсын зуучлалаар өнгөрсөн пүрэв гарагт Женевт болсон юм. Хоёр улсын техникийн багуудын хэлэлцээ Вена хот дахь Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төв байранд гуравдугаар сарын 2-нд эхэлнэ.




