АНУ-ын судлаачид ханиад томууны бүх вирусийн эсрэг вакцин бүтээсэн байна. Шинэ вакциныг хамар руугаа нэг удаа шүршиж хэрэглэнэ.
Энэ вакцин уушгины халдвараас ч хамгаалж, харшлыг намдаах үйлчилгээтэй. Стэнфордын их сургуулийн багийн хөгжүүлсэн вакциныг амьтан дээр туршжээ. Одоо хүн дээр турших шаардлагатай. Энэ вакцин хэрэглээнд нэвтэрвэл сүүлийн 200 жилийн турш бидний хэрэглэсэн, уламжлалт вакцинд томоохон өөрчлөлт болно.
Судлаачид хэдийгээр судалгаа бүрэн дуусаагүй байгаа ч шинэ вакцин чухал нээлт мөн гэж дүгнэжээ.
Одоогийн вакцинууд зөвхөн нэг төрлийн халдвараас л хамгаалдаг. Эдвард Жэннэрийн 18-р зуунд бүтээсэн анхны вакцин бидний дархлааг хэрхэн дэмждэг байсан, одоо ч тэр хэвээрээ байна. Харин шинэ вакцин өмнөх вакцинуудаас ялгаатай. Энэ вакцин бидний дархлаанд "зааж сургахгүй". Харин дархлааны эсүүд хоорондоо харилцдаг аргыг нь дуурайдаг байна.
Шинэ вакциныг хамар руугаа цацахад уушгин дахь макрофаг хэмээх цагаан эсүүдийг сэрээж, бэлэн байдалд оруулна. Ингэснээр дархлааны тогтолцоо дотогшоо нэвтрэхээр бэлтгэж буй халдварын эсрэг ажиллаж эхэлнэ.
Амьтдад хийсэн судалгаагаар вакцины нөлөө гурван сар үргэлжилжээ. Уушгиар дамжин бие рүү орсон вирусийн тоо 100-аас 1000 дахин буурсныг тогтоосон байна.
Стэнфордын их сургуулийн микробиологийн профессор Бали Пулэндран "Уушги руу орсон вирусийг дархлаа гэрлийн хурдаар эсэргүүцэхэд бэлэн байсан. Энэ вакцин Staphylococcus aureusш, Acinetobacter гэсэн хоёр бактериэс мөн хамгаална. Энэ вакцин бусад вакцинаас огт өөрөөр ажилладаг" гэжээ.
Эх сурвалж: BBC




