Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нар төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнийг хүлээн авч уулзан Төрийн хан хуурчаар үе залгамжуулан томилжээ. Төрийн хан хуурч, МУСТА, ерөөлч, магтаалч Ц.Соёл-Эрдэнэ төр улс төвшин, түмэн олон амгалан жаргалантай байхыг бэлгэдэн “Морины явдал” аялгуу, “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг эгшиглүүлжээ.
Түүний аав Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж 1992 оноос хойш Монгол төрийн хан хуурчаар ажилласан юм. Ардын жүжигчин, төрийн хан хуурч асан Ц.Цэрэндорж нь Монголын уламжлалт хөгжмийн нэрт төлөөлөгч, “Төрийн хан хуурч” хэмээх эрхэм цол хүртсэн авьяаслаг хуурч бөгөөд морин хуурын урлагийг хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдийн нэг гэж үнэлэгддэг. Тэрбээр бага наснаасаа морин хуур хөгжмийг сурч, мэргэжлийн түвшинд эзэмшиж ардын болон уламжлалт аялгуу, уртын дууны хуурын татлагыг уран чадварлаг тоглодгоороо алдаршсан юм.
Хүү Ц.Соёл-Эрдэнэ аавынхаа эгэл авьяас, ур чадварыг уламжлан эзэмшсэн бөгөөд ийнхүү төрийн хан хуурч цолыг морин жилийн сар шинийн нэгэнд хүртлээ.
Төрийн хан хуурын бэлгэдэл нь Монгол Улсын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний соёлын дээд илэрхийлэл болж буй хөгжмийн зэмсэг юм. Энгийн морин хуураас ялгаатай нь төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд эгшиглэдэг онцлогтой. Гол бэлгэдэл нь төрийн сүр хүч, тусгаар тогтнол, Монгол төрийн дархлаа, бат бэх оршихуйн бэлгэдэл, эв нэгдэл бөгөөд эзэн Чингис хааны үеэс уламжилсан төрт ёсны бэлгэдэл билээ.
Морин хуурын толгой дахь морь нь Монгол хүний эрх чөлөө, хийморь, хурд хүчийг бэлгэддэг. Хуурын хоёр чавхдас нь эх дэлхий ба мөнх хөх тэнгэрийн холбоо, хүний сэтгэлийн ариун чанарыг илэрхийлдэг байна.

Ийнхүү өмнийн говиос хоёр дахь төрийн хан хуурч үе залгамжлан төрсөн билэгт сайн үйл тохиолоо.




