АНУ ба Ираны хооронд үүссэн хурцадмал байдал улам даамжирч буй энэ үед нефтийн үнэ гурван хоног дараалан өслөө. Тухайлбал, Brent ба West Texas Intermediate маркийн газрын тосны үнэ 72,34 ба 67 ам.долларт тус тус хүрч, өмнөх өдрийнхөөс 1 орчим хувиар нэмэгдсэн байна.
Харин долоо хоногийн дотор 6,5 хувиар өссөнөөр сүүлийн 7 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.
Ийнхүү өссөний гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар Тегеранд шахалт үзүүлж, тохиролцоонд хүрэх эцсийн хугацааг 10 хоног гэж зарласан явдал юм.
Үүнтэй холбоотойгоор Ормузын хоолойгоор дайран өнгөрдөг далайн тээвэр доголдох вий хэмээн хөрөнгө оруулагчид санаа зовниж байна. Ормуз бол дэлхий даяар хэрэглэж буй нефтийн 20 хувь дайран өнгөрдөг, Ираны хяналтад байдаг тэнгисийн хоолой юм. Энэ долоо хоногийн эхээр Ираны тал уг хоолойг хэдэн цагаар хааж, тэнгисийн цэргийн сургуулилалт хийжээ.
АНУ-ын тал Ираны эсрэг “бүрэн хэмжээний дайн”-тай дүйцэхүйц өргөн хэмжээний өцэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа нь нефтийн үнэ огцом нэмэгдэхэд нөлөөлсөн бөгөөд Phillip Nova компанийн шинжээч Приянка Сачдева-гийн хэлснээр “зах зээл дэх түгшүүр өндөр түвшинд байгаа” ажээ.




