Канад–Монголын Mерит төсөл Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ), Удирдлагын академитай хамтран “Үр дүнд суурилсан удирдлага”-ын Сургагч багш бэлтгэх сургалтыг 2026 оны 2 дугаар сарын 2–6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтын зорилго нь оролцогчдыг үр дүнд суурилсан удирдлага (ҮДСУ)-ын аргачлалд сургаж, цаашид мэдлэг түгээх, сургалт хийх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ. Хөтөлбөр нь онолын хичээл, дадлага, кейс судалгаа, бүлгийн хэлэлцүүлэг зэрэг практикт суурилсан арга зүйг түлхүү ашиглаж буй онцлогтой.
Сургалтад Архангай, Дархан-Уул, Дундговь, Сүхбаатар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн яам, Удирдлагын академийн нийт 25 төлөөлөл оролцож байна.
Дундговь аймгаас ЗДТГ-ын ХШҮ ахлах мэргэжилтэн Н.Дэлгэрмаа, ХБТХОХ, Төсвийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн С.Ариунжаргал, ХШҮДАХ, ХШҮ-ний мэргэжилтэн Г.Мандухай болон ИТХ-ын төлөөлөгч, МАН бүлгийн дарга Ц.Хүрэлбаатар нар оролцож байна.
Канад Улсын Элчин сайд Стефан Дауст нээлтийн үгэндээ "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА-2050 нь эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон байдаг. Эдгээр зорилтыг бодит үр дүнд шилжүүлэх чухал хөшүүрэг болох ҮДСУ-ын тогтолцоог бэхжүүлэхэд Канад Улс хамтран ажиллаж буйдаа баяртай байна" гэж онцлон тэмдэглэв.
ЗГХЭГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Mерит төслийн Сургагч багшийн хөтөлбөр бэлтгэгдсэн багш нараа тасралтгүй хөгжүүлж, үр дүнд суурилсан удирдлагын аргачлалыг орон нутагт хүртээмжтэй нэвтрүүлэхэд анхаарч буй нь ач холбогдолтой" хэмээн чухалчлав.




