АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлж байгаагаа мэдэгджээ.
“Өнөөдөр бид Project Vault гэдэг нэртэй төслийг эхлүүлж байна. Энэ бол Америкийн аж ахуйн нэгжүүд болон ажилтнууд нөөцийн хомсдлоос болж хэзээ ч хохирохгүй байхыг баталгаажуулах зорилготой төсөл юм” хэмээн тэрбээр Цагаан ордонд даваа гаргийн орой болсон арга хэмжээний үеэр мэдэгдсэн байна.
Трампын хэлснээр, уг төслийн хүрээнд 1.67 тэрбум ам.долларын хувийн хөрөнгөөр, мөн АНУ-ын Экспорт-импортын банкнаас олгох 10 тэрбум ам.долларын зээлээр ашигт малтмалыг худалдан авч нөөцлөх бөгөөд эхний ээлжинд автомашин үйлдвэрлэгчид болон технологийн компаниудын хэрэгцээнд зориулах ажээ.
Тэрбээр мөн энэхүү нөөцийг урьд өмнө үндэсний батлан хамгаалах хэрэгцээнд зориулан бүрдүүлж байсан зарчмаар бүрдүүлнэ гэдгийг дурдаад уг санаачилгыг “гайхалтай” хэмээн үнэлсэн байна.
Харин АНУ-ын Дотоод хэргийн сайд Дуглас Бергам мэдэгдэхдээ, чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын худалдааны “клуб”-т 11 улсыг нэмж элсүүлэхээр шийдвэрлэснийг энэ долоо хоногт зарлана гэжээ.
Түүхий эдийг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг Hartree Partners, Traxys North America болон Mercuria Energy Group зэрэг худалдааны компаниуд хариуцан гүйцэтгэх бөгөөд энэ тухай Трампын засаг захиргааны нэрээ нууцалсан төлөөлөгч Reuters-т мэдээлсэн байна. Энэхүү алхам нь Хятадын газрын ховор элементүүдээс хараат байдлыг эрс бууруулна гэж үзэж байна.




