Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзаж, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
ССАЖЗЯ-ны мэдээлснээр, уулзалтаар 2025 онд талуудын байгуулсан спортын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хоккейн спортыг Монголд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналыг сайд Ч.Ундрам илэрхийлэв.
Элчин сайд Ян Вытопил нь хоккейн спортыг хөгжүүлэх тус саналыг дэмжээд, Монголын байт харваан спортын тамирчдын ур чадварыг ахиулах чиглэлээр хамтарч ажиллах саналыг илэрхийллээ.
Талууд Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн үндэсний музейд дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн амжилттай болсныг цохон тэмдэглээд 2027 онд тус музейд Монголд олдсон үлэг гүрвэлийн олдворуудыг олон нийтэд дэлгэн танилцуулах үзэсгэлэн гаргахаар төлөвлөж, үүнтэй холбоотой бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Мөн Чехийн үндэсний музейд 2027 оны зургаадугаар сард нээлтээ хийх үлэг гүрвэлийн үзэсгэлэнд зориулсан баримтат кино бүтээхээр төлөвлөж буйгаа онцлоод, уг үзэсгэлэн олон мянган үзэгчдийг татаж, Монголыг сурталчилсан томоохон арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.




