2026 онд Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. НЗДТГ-ын мэдээлснээр, энэ онд Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 16 мега төслийг эхлүүлээд байна. Мөн 190.8 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийж, 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарчээ. Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуу 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ.
Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлээс сүүлийн хоёр жил зам, гүүр, дэд бүтцийн салбарт олон ажил хийлээ. Үүний үр дүнд замын компаниуд өөрсдийн дэвсэгч машин, асфальтбетоны үйлдвэртэй болж, бие даасан. Харин ирэх жилүүдэд хотоос газар чөлөөлж, дэд бүтэц татсан, төлөвлөлттэй газруудыг барилгын салбарынханд санал болгоно. Барилгын борлуулалтад дэмжлэг үзүүлнэ" гэв.
Мөн 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгож зарласан. Энэ хүрээнд барилгын салбарынханд хөрөнгө оруулалт хийхээр болжээ.




