Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог буудсан өнөөдрийн халдлага нь тус улсыг "үүрд" өөрчлөх болно гэж аюулгүй байдлын шинжээч мэдэгдэв.
Учир нь, Японд бууны хяналтын тухай дэлхийн хамгийн хатуу хууль байдаг бөгөөд 125 сая хүн амтай тус улсад галт зэвсгийн улмаас амиа алдагсдын тоо жилд нэгээр л тоологддог. Өөрөөр хэлбэл, галт зэвсэгтэй холбоотой гэмт хэргийн гаралт маш ховор бүртгэгддэг байна. Тиймдээ тус улсын удирдлагууд, ард иргэд маш их цочролд орж, энэ хэрэг түүхэнд мартагдахгүй үйл явдал төдийгүй Японыг үүрд өөрчлөх нь хэмээн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Энэ тухай Олон улсын Аюулгүй байдлын аж үйлдвэрийн зөвлөлийн Японы захирал Нэнси Сноу CNN-д "Энэ бол ховор тохиолдол төдийгүй соёлын хувьд манай улсад байж боломжгүй зүйл. Японы ард түмэн АНУ-д байдаг шиг бууны соёлтой болно гэж төсөөлж ч чадахгүй. Энэ бол хэлэх үггүй мөч юм. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ерөнхий сайд асан Абэ Шинзодоо хамгийн сайн сайхныг хүсье.
Ард түмний үндэсний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх вэ, тэд ийм төрлийн хүчирхийлэлд дахин өртөхгүй байгаасай. Энэ талаар бодоход л сэтгэл дундуур байна. Энэ хэрэг Ардчиллын баян бүрд болсон Японыг үүрд өөрчилнө гэж бодож байна" гэжээ.
Хэрэг гарсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Засгийн газрын дээд төлөөлөгч мэдэгдэл хийхээр төлөвлөж байна гэж Засгийн газраас мэдээллээ.
Абэ Шинзогийн хувьд Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан бөгөөд 2006 онд нэг жил, 2012-2020 он хүртэл албан тушаал хашсан билээ. Тэрбээр гэдэсний шархлаат колит өвчний улмаас огцрохоос өөр аргагүйд хүрсэн юм.