Мах, ноосны чиглэлийн меринос үүлдрийн цэвэр хуцын гүн хөлдөөсөн хөврөл шилжүүлэн суулгах ажлыг аравдугаар сарын 17-18-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний цогцолборт зохион байгууллаа.
170 толгой орхон, үзэмчин, монгол үүлдрийн хонийг тээгчээр ашиглан Австрали улсын “Gene Movers” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хийж буй уг ажилд 30 гаруй мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн оролцсон аж.Тус ажлыг зохион байгуулсны үр дүнд малын тоо, толгой нь цөөрч, ашиг шим үүлдэрлэг байдал нь алдагдаж буй нарийн, нарийвтар ноост Хангай, Орхон, Ерөө үүлдрийн хонины ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанар сайжирч, зах зээлд өндөр үнэ, өртөг бүхий маш нарийн ноос үйлдвэрлэх боломж бүрдэх онцлогтой ажээ.
Түүнчлэн “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад баталгаажсан нарийн, нарийвтар ноост орхон, хангай үүлдрийн хонины үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх ноосны гарцыг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэт арга технологиудыг ашиглаж байгаа ажээ.