Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад хэрэгцээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон.
Мөн Засгийн газрын хуралдаанаас шахмал түлшний үнийг 75% хөнгөлөх шийдвэр гаргасан. Тэгвэл Засгийн газрын энэхүү шийдвэрийн хэрэгжилт болон бусад холбогдох чиглэлээр НМХГ хяналт тавьж ажиллаж байна.
Хяналт шалгалтын үеэр 2020 оны сүүлийн гурван сарын шахмал түлшний борлуулалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 41%-иар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ нь гэр хорооллын өрхүүдийн шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэнийг харуулж байна.
Харин Сайжруулсан шахмал түлшний нөөц өнөөдрийн байдлаар нийт 53509 тн байна. Энэ нь Улаанбаатар хотын 14 хоногийн нөөц гэдгийг НМХГ-аас мэдээлж байгаа юм.
Мөн одоогоор Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 97 хангамжийн бааз, агуулах, саравч байгаа бол сайжруулсан шахмал түлшийг борлуулах 680 цэг үйл ажиллагаа явуулж байна.