ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
А.Амбасэлмаа: Арванхоёрдугаар сарын 14-нд улсын хэмжээнд 10979 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний сорьцод халдвар илэрлээ.
Улаанбаатар хот Сэлэнгэ аймагт тус бүрт хоёр хүнд коронвирусийн халдвар илэрлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэлээ.
Харин Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 464 боллоо.