Манай улсад дөнгөж хорь хүрээд гэр бүл зохиож хүүхэдтэй болох залуу хосуудын тоо нэмэгдсээр байгаа. Тэгвэл хүмүүс хэдэн насандаа гэр бүл зохиох хэрэгтэй вэ гэр бүлийн харилцааны хамгийн чухалл зүйл нь юу болох талаар сэтгэл зүйч Д.Ариунзаяатай ярилцлаа. Тэрээр “Хосууд харилцаандаа, өөрийнхөө юу хүсч байгаад төвлөрөхөөсөө илүү нөгөө хүнийхээ юу хүсч байгааг ойлгож хүндэтгэлтэй хандаж байгаарай “ гэж зөвлөж байна.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдэн насандаа гэр бүл зохиох нь хамгийн тохиромжтой байдаг вэ? Иймэрхүү амьдралын чухал шийдвэрийг гаргахад хэзээ хамгийн тохиромжтой байдаг вэ? гэх асуултаар ярилцлагаа эхэлье
Сайн байна уу. Гэрлэлтийн дундаж наслалт Монгол Улсын хувьд 26-29 байна гэсэн судалгаа байдаг. Энэ насанд хүмүүс гэрлэлтээ батлуулах нь түгээмэл байдаг гэсэн үг. Тохиромжтой гэвэл 23 наснаас хойш гэж бодож байна. Учир нь энэ насанд хүрсэн хүн аливаа юмны наад, цаад учрыг олж тунгаан, урт хугацааны чухал шийдвэр гаргах чадвартай болж эхэлдэг. Сэтгэл хөдлөлөө танин мэдэж, удирдаж, түүндээ автахгүйгээр тунгаан бодож шийдвэр гаргах чадвар хөгждөг.
Үерхэх хугацаа буюу гэр бүл болохоосоо өмнө хосууд нэгнээ хэрхэн таньж мэдэх вэ?
Үерхэх хугацаа бол гэр бүлийн хөгжлийн анхдагч үе шат. Хамгийн сайхан, хамгийн жаргалтай, романтик үе байдаг. Энэ үед нөгөө хүн нь төгс юм шиг бүх зүйл нь гоё санагдаж, хорвоо ертөнцийг бүхлээр нь хайрламаар санагдах тийм мэдрэмж төрдөг. Найз охин, залуугийнхаа сэтгэлийг хөдөлгөж баярлуулахын тулд ихээхэн зүтгэл гаргаж, тэрэндээ ч жаргалтай байдаг. Энэ үед хосууд бие биенээ эрүүл нүдээр харж чаддаггүй. Аз жаргалын нөлөөнд орсон нүдээр хардаг. Энэ хугацаа 1.6-3 жил үргэлжлэх төлөвтэй байдаг гэж судлаачид үздэг.
Найз охин, залуугийнхаа сэтгэлийг хөдөлгөж баярлуулахын тулд ихээхэн зүтгэл гаргаж, тэрэндээ ч жаргалтай байдаг. Энэ үед хосууд бие биенээ эрүүл нүдээр харж чаддаггүй. Аз жаргалын нөлөөнд орсон нүдээр хардаг. Энэ хугацаа 1.6-3 жил үргэлжлэх төлөвтэй байдаг гэж судлаачид үздэг.
Гэр бүл болох гэж байгаа хосуудын хувьд нэгнийхээ дутагдалтай талыг олж харсан ч гэсэн хайрлах сэтгэл нь хөрөхгүй сайнтай муутай нь хайрлаж чадаж байвал сайн. Эсрэгээрээ дутагдлыг нь хүлээн зөвшөөрч, тэвчиж чадахгүй, түүнээс болоод хайр сэтгэл нь хөрч байгаа юм шиг санагдаж байгаа бол гэр бүл болох гээд яарах хэрэггүй. Угаасаа хэн ч хүчлэхгүй шүү дээ. Жишээ нь найз охин нь гэрийн ажил муу хийдэг, хоол хийхдээ маруухан байлаа гэж бодоход найз залуу нь эхнэр гэрээ цэвэрлэж, эмх цэгцтэй цэмцгэр байлгах ёстой, эхнэр өглөө бүр эрт босч гэрийнхэндээ хоол хийх ёстой гэсэн бодол хандлагатай байгаад зогсохгүй энэ байдлыг зөвөөр ойлгож, тэвчиж чадахгүй бол өдөр тутмын амьдралын асуудалд зөрчилдөөн үүснэ. /Гэрээ цэвэрлэхгүй байна, миний тийм юм хаана байна, чи дутуу хийгээд байна, айл гэрийн эзэгтэй хүн байж их унтдаг, өглөөний хоол хийдэггүй гэх мэтчилэн/ За үнэхээр ийм зөрчилдөөн үүслээ гэхэд хосууд яаж ойлголцож, яаж шийдвэрлэж байгаа нь чухал. Хамгийн гол нь шийдэж чадаж байна уу гэдэг нь сонин.
Гэр бүлийн харилцаанд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ?
Гэр бүлийн харилцааны хамгийн чухал зүйл бол хайрлуулж, халамжлуулж, хүндлүүлж байгаагаа мэдрэх мэдрэмж. Энэ гэр бүлд миний орон зай байгаа. Би хэрэгтэй. Би үнэ цэнэтэй гэх мэдрэмж гишүүдэд байвал үүссэн хүнд хэцүү нөхцөл байдал, зөрчилдөөн, асуудлуудыг даван гарахад илүү хялбар. Тийм учраас хэн хэндээ энэ мэдрэмжийг өгч, мэдрүүлж байх нь чухал.
Сэтгэл зүйч хүнийхээ хувьд удаан хугацаанд хамт амьдарч байгаа хосуудын нууц нь юунд оршиж байна гэж хардаг вэ?
Хайртай хүнээ алдаа дутагдалтай нь хүлээн зөвшөөрч байгаагаар нь хайрладаг. Миний зөв, чиний буруу гэдгийг баталж хувийн ялалт байгуулахаасаа илүү бид гэдгийг ойлгосон хосууд урт хугацаанд харилцаагаа хадгалж үлдэх нь их гэж боддог.
Тэгэхээр зарим хосууд хамт амьдарч эхлэхээрээ багагүй маргаан гаргадаг. Жишээ нь: Гэр бүлийн хүмүүжил, нэг ёсондоо уламжлалт гэр бүлийн хэв маягт өссөн эрэгтэй хүн би гэрийн ажил хийх ёсгүй, хийморь лундаа нь унана, эмэгтэй хүн л энэ ажлыг хийх ёстой гэх ойлголт манайханд байдаг. Тэгвэл энэ хандлага нь өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийн хэв маягт хэр тохирох зүйл вэ?
Орчин цагт эхнэр нөхрийн хувьд ажил амьдралын оролцоо эн тэнцүүхэн болсон. Адилхан л өглөө ажилдаа яваад орой ирнэ. Харин гэртээ ирээд яагаад ч юм эмэгтэй гэрийн ажлаа хийгээд хувцас угаахаас эхлээд гэр орны ажлыг хийдэг. Нөхөр зурагт үзээд утас оролдоод суух нь түгээмэл байгаад байдаг. Уламжлалт хандлагаас үүдэлтэй боловч одоо тийм хэвээрээ байна гэвэл цаг үе өөр болсон шүү дээ. Хэн эрт ирсэн нь хоолоо хийгээд, хэн завтай гэрийн ажлыг амжуулаад л гэрийн ажлын ачааллыг ч гэсэн тэнцүүхэн үүрээд явах нь зүйтэй гэж боддог.
Гэр бүл зохиосон хосуудын бас нэг толгойны өвчин бол хардалт. Үүнийг бид ойр орчны хүмүүсээсээ хардаг. Тэгвэл хардалт гэх зүйл яагаад бий болдог юм бол. Хардалтаас гарч болох үр дагаварууд юу байж болох вэ?
Хайртай хүнээ өөрөөс нь илүү хэн нэгэнд татагдаад намайг орхих вий гэсэн сэтгэл зүйн мэдрэмжээс хардалт үүсэх нь их. Өөрөөр хэлбэл өөрийн үнэлэмж доогуур хүмүүс өөрийгөө гундуухан байна даа гэдгээ мэдэрч байгаа ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тиймээс бодит байдалтай нүүр тулж өөрийн сэтгэл зүйг ойлгохоос илүү бурууг нөгөө хүнээсээ хайж эхэлдэг.
Хайртай хүнээ өөрөөс нь илүү хэн нэгэнд татагдаад намайг орхих вий гэсэн сэтгэл зүйн мэдрэмжээс хардалт үүсэх нь их.
Энэ хүмүүс хардахдаа өөрөөс нь ямар нэг байдлаараа илүү гэж бодсон тэр хүнтэйгээ эхнэрээ, нөхрөө харддаг. Хардуулж амьдарна гэхээр ямар олиг байхав дээ. Чөлөөтэй нийгмийн харилцаанд орж чадахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй, тэр юу гээд бодчих бол гээд л, жаахан гарахаар нь утас нь байнга дугараад хаана хэнтэй юу хийж байгаагаа хэн нэгэнд заавал хянуулна. Гэтэл бид чинь гэрлэж хамт амьдарч байгаа ч гэсэн хувийн орон зайтай, хувийн ажил амьдралаа төлөвлөөд явах эрхтэй шүү дээ.
Таниас гэр бүлийн харилцаандаа асуудалтай болсон хүмүүс зөвлөгөө авдаг байх. Тийм бол ихэвчлэн ямар шалтгаанаас харилцаанд сэв суусан байдаг вэ?
Зөвлөгөө авахаар хосууд ирдэг. Хос бүрийн асуудал өөр өөр онцлогтой янз бүрийн л шалтгаантай байдаг. Нийтлэг байдлыг харвал эхнэр, нөхрийн эрх тэгш байдал алдагдсан, хосуудын хэн нэг нь илүү их эрх мэдэлтэй болоод эхлэхээр асуудал үүсч эхэлнэ. Харилцан хүндлэл алдагдана гэсэн үг. Ийм л байх ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдлаас болоод нөгөө хүндээ өөрийн үзэл бодлыг тулган хүлээлгэх, түрэмгий авир гаргах, хайртай хүнээ юу мэдэрч байгааг сонирхохгүй өөрийн хүсэлдээ захируулахыг хүсэх зэрэг нь харилцаанд сэв суулгадаг бөгөөд хүчирхийлэл болж даамжрах аюултай байдаг.
Ийм асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ. Бидний ярилцлагыг уншиж байгаа гэр бүлийн хүмүүст хандаж зөвлөгөө өгнө үү?
Хосуудын харилцаанд асуудал гарах нь маш олон зүйлээс болдог. Заримдаа эхнэр, нөхөр хэн хэн нь өөрсдийгөө буруугүй гэж боддог ч буруутай нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Тухайлбал эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгнийхээ сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүйгээс хоорондоо ойлголцож чаддаггүй. Жишээлбэл эхнэр, нөхөртөө “Чи намайг ерөөсөө ч сонсохгүй байна” гэж хэлдэг. Гэтэл нөхөр энийг огт буюу хэзээ ч сонсдоггүй гэдэг утгаар ойлгоод “юун хачин юм ярьдаг юм. Би одоо чамайг сонсож л байна шүү дээ” гэж хариулдаг. Угтаа эхнэрийн ойлгуулахыг хүссэн зүйл бол одоо надад анхаарал хандуулаад, сонсоочээ гэсэн санаа. Эмэгтэйчүүд сэтгэгдэл мэдрэмжээ илэрхийлэхдээ хэтрүүлэл, давслал ашигладаг. Өөрөөр хэлбэл мэдрэмжээ идэрхийлэхдээ хүч нэмдэг гэсэн үг. “Хэн ч намайг хайхрахгүй юм” гэж эхнэр хэлж байгаа бол халамж анхаарал дутсаны илэрхийлэл. Эмэгтэй хүний энэ онцлогийг нөхөр ойлгоогүйгээс харилцаанд зөрчил үүсдэг. Иймэрхүү сэтгэл зүйн онцлог олон байдаг.
Ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд харилцаандаа өөрийнхөө юу хүсч байгаад төвлөрөхөөсөө илүү нөгөө хүнийхээ юу хүсч байгааг ойлгож хүндэтгэлтэй хандаж байгаарай гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.