Хэдхэн хоногийн өмнө цахим орчинд хуш модны самраар хооллодог хэрэм идэшгүй болсоноос болж олноор үхэж, үрэгдэж байгаа талаар мэдээлэл цацагдаж, иргэдийг эмзэглүүлсэн. Ийнхүү хэрэмнүүд үхэж байгаа шалтгаан нь хүмүүсийн шунахай сэтгэлээс болсон гээд түүсэн самраа буцаан ойд аваачиж асгахыг шаардах болсон юм. Тэгвэл энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тайлбар хийсэн байна. Ингэхдээ цахим орчинд тархаал байсан мэдээллийг ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэжээ.
БОАЖЯ: Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна. Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна. Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон. Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон.


