Бид ярилцлагынхаа дараагийн зочноор Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бат-Итгэлийг урьж залилах гэмт хэргийн талаар уншигчддаа сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах ярилцлагыг хүргэж байна.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Залилах гэмт хэрэг гэж юу вэ. Бусад төрлийн хэргүүдээс юугаараа ялгаатай вэ?
Залилах гэмт хэрэг гэдэг нь иргэдийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан, нийгэмд аюултай, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл гэж ойлгож болно. Залилах гэмт хэрэг нь хамгийн түгээмэл үйлдэгддэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрөлд багтдаг. Энэ төрлийн гэмт хэргийн 70 орчим хувь нь нийслэлд үлдсэн 30 хувь нь орон нутагт үйлдэгддэг.
Энэ төрлийн гэмт хэрэг ямар ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ. Уншигчдад маань энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?
Залилах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа үйлдлийн арга, халдлагын зүйл зэргээр онцлог шинж тэмдэгээр төрөлжүүлэн ангилж үздэг.
Манай улсын хувьд сүлжээний гэх тодотголтой залилах гэмт хэрэг, мөн цахим орчинд дахь залилах гэмт хэрэг зэрэг хэд хэдэн төрлүүд үйлдэгдэж байна. Энэ төрлийн залилах гэмт хэрэг ихэвчлэн фэйсбүүк, мэйл хаягаар нэвтэрч хүний нэр барин үнэгүй бараа өгнө, зээл олгоно эсвэл гуйх зэргээр үйлдэгддэг.
Үүнээс гадна иргэдийн гадаад улсад явах визийг хурдан шуурхай гаргуулах гэсэн эрэлт хэрэгцээг ашиглан амлалт өгч мөнгө авах тохиолдол тасрахгүй байгаа.
Улсын хэмжээнд жилд дунджаар хичнээн залилах гэмт хэрэг бүртгэгддэг бэ?
Цагдаагийн байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд 22912 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь улсын хэмжээнд үйлдсэн бүх хэргийн 8.5 хувийг “Залилах” гэмт хэрэг дангаараа эзэлж байна гэсэн үг. Мөн энэ хугацаанд хамгийн их үйлдэгдсэн залилах гэмт хэргийн хэлбэр бусдын итгэлийг олж хуурч, мэхлэх аргаар залилсан тохиолдол зургаан мянга гаруй, хуурамч гэрээ хэлэлцээр байгуулах мөн мөнгө зээлэх үйлдэл 1700 орчим бүртгэгдсэн байдаг.
Залилах гэмт хэргээс учирсан хохирол эдгээр жилүүдэд хичнээн төгрөгийн хохирол учирсан бэ. Үүнээс хичнээнийг битүүмжилсэн, нөхөн төлүүлсэн юм бэ?
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд залилах гэмт хэргийн улмаас нийт 536.5 тэрбум төгрөгийн хохирол учирсаны 129.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44.4 тэрбум төгрөгний хохирлыг битүүмжилсэн. Ойролцоогоор 30 гаруй хувийг л төлж барагдуулсан гэсэн үг.
Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь хэдэн насны ямар хүмүүс байдаг юм болоо?
Залилах гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүс хэнтэй ямар хүмүүстэй тогтоож залилах вэ гэдгээ тооцоолсон байдаг. Хохирогчдын 50 орчим хувь нь ажилгүй, 45 орчим хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, ихэвчлэн 30-45 насны хүмүүс хохирсон байдаг.
Тэгвэл “Залилах” гэмт хэргийг таслан зогсоох үүднээс цагдаагийн байгууллагаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
Цагдаагийн байгууллагын Мэдээлэл, дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас залилах гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний талаар шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт гаргасан байдаг.
Иймд Цагдаагийн байгууллагаас Монгол банк, Голомт банктай хамтран цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэ аян зохион байгуулагдсанаар залилах гэмт хэрэг тодорхой хувиар буурч, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн хандлагад эерэг нөлөө үзүүлж байгаа.
“Ятгах тусам нягтал-2” аяны хүрээнд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс ямар зорилго тавьж ажиллаж байгаа вэ?
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Мөрдөн байцаах албанаас өгсөн чиглэлийн дагуу хариуцсан хорооны нутаг дэвсгэрт иргэд ихээр цуглардаг гудамж, талбай, олон нийтийн газруудад залилах гэмт хэрэгт өртөж хохирохоос сэрэмжлүүлсэн мэдээ,мэдээлэл бүхий зурагт хуудсыг тарааж, иргэдтэй уулзаж яриа хийх, хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүр, цайны газар, үсчин зэрэг үйлчилгээний газруудад сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг байршуулах, мөн пост машинаар үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, худалдааны төвийн касс, төлбөр тооцоо хийх газруудад виза картын нууц үгээ бусдад алдахаас сэрэмжлүүлсэн санамж хуудас байрлуулах, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч нарт залилах гэмтэргийн ойлголт, нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос хэрхэн сэргийлэх талаар яриа хийж, уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
Иргэд залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд хэрхэн сэрэмжлэх ёстой вэ?
Цахим орчинд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэрэгт өртөж хохирохгүйн тулд иргэдэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд:
- Нийгмийн сүлжээгээр тан танил мөгө зээлүүлэхийг хүсвэл заавал утсаар залгаж баталгаажуулж байх
- Хүний утас, компьютер дээр интернет банкны мэдээллээ оруулахгүй байх, үнэгүй интернет сүлжээ ашиглахаас татгалзах
- Картын пин кодоо ил тод хадгалахгүй байх,
- Хэн нэгэнд дамжуулахгүй байх
- Худалдан авалт хийхдээ пин кодоо хэлэхгүй байх
- Хонжвор, урамшуулал амласан веб сайт дээр картын дугаарыг бүртгүүлэхгүй байх
- Мөнгө шилжүүлэхээс өмнө заавал утсаар холбогдож, тухайн хүн мөн эсэхийг баталгаажуулах
- Үл таних хүнд АТМ-ээс мөнгө авч өгөхгүй байх
- Онлайн худалдаа хийхдээ баталгаат онлайн дэлгүүрүүдийг сонгох
- Хэн нэгний хүсэлтээр гар утсанд ирсэн нууц кодыг дамжуулахгүй байх
Тэгвэл залилах гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял шийтгэл оногдуулдаг юм бэ? Хуулийн зохицуулалт ямар байдаг вэ?
МУ-ын Эрүүгийн хэргийн тухай хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. Энгийнээр тайлбарлавал: Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, мөн хорих гэсэн гурван төрлийн ял шийтгэхээр тусгасан байна. Хэрэв энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол хамгийн багадаа 450 нэгжээр торгоно. Харин хэргийн үйлдсэн нөхцөл байдлаас хамаараад 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх боломжтой.
Ярилцсанд баярлалаа.
Zalilan argagui ih baigaa l daa
Хэрэгтэй ярилцлага байна баярлалаа!
Ymr ih toove tged itged zaliluulaad l bdg ym bhda
Ятгах тусам нягтал! Нягтлах тусам аюулгүй! Сэтгүүлч Нарантуул, Мөрдөгч Бат-Итгэлдээ амжилт хүсье❤