Сэлэнгэ аймгийн 2020.12.03-ны өдрийн нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээллээ.
Тэрээр өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт халдварын тохиолдлын тоо зургаагаар нэмэгдэж 189 болсон байна. Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо яагаад 0 болохгүй байна гэж та бүхэн бодож байгаа байх. Учир нь энэ аюулт цар тахал манай аймагт арваннэгдүгээр сарын 11-нээс өмнө аль хэдийн ороод ирчихсэн, тархсан байсан. Харин нөгөө цахимаар янз бүрээр шүүмжлэгдээд байгаа анхны тохиолдлын иргэн бидэнд энэ өвчний анхны мэдээллийг өгч бид мэдсэн хэмээн ярьсан юм.
Мөн өнөөдрийн нэг зүйлийг онцлож хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон Сэлэнгэ аймаг руу орж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Аймгийн онцгой комиссоос ч ийм шийдвэр гаргаагүй. Харин өвчлөл бүртгэгдсэн аймаг орон нутгаас ирж байгаа 2-оос дээш насны бүх иргэд шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж хэлье гэжээ.