Есөн настай хүүхэд нас барсантай холбогдуулан УИХ дахь эмэгтэй гишүүд мэдээлэл хийлээ.
Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Дагиймаа: Есөн настай охины цогцсонд энэ сарын 20-ны өдөр задлан шинжилгээ хийсэн байна. Гаднаас нь харахад нүүр дух, хацар хуучин зулгаралттай. Баруун талын 11-12, зүүн талын 7-11 дүгээр хавирга хугарч бороолсон байсан. Бүдүүн гэдэсний чацархай хугарсан, нарийн гэдэс няцарсан. Үүнээсээ шалтгаалж нас барсан гэж урьдчилсан байдлаар тогтоожээ. Үүнээс үзэхэд нэг биш удаа хойд эцгийн зодуур үзэж байсан нь ил болоод байна.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Гэр бүлийн хүчирхийллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж энэ тал дээр ямар ажлууд хийх тал дээр ярилцана. Хэдийгээр цагдаагийн байгууллагаас “Сүүдэр бүү тусга” аян явагдаж байгаа ч гэр бүлийн хүчирхийлэл гарсаар байна. Тиймээс эмэгтэй гишүүд цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан ярилцаж, ямар нэгэн яаралтай арга хэмжээ авах ёстой.
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан: Сүүлийн 3 жилийн хугацаанд 676 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэмт этгээдийн 50 гаруй хувь ойр дотны хүмүүс нь байгаа юм. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа гол шалтгаан нь гэр бүл салалт, эцэг, эхчүүд хүүхдээ асран хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй байгаа болон цахим орчинтой холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль болон бусад хуульд нэмэлтээр оруулах зүйл заалт цөөнгүй байна.
Энэ мэт хүүхдийн хүчирхийлэлд олон нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага байгааг дээрх жишээ харуулж байна. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад эцэг эхчүүд, цагдаагийн албан хаагчид болон хөрш таны, миний оролцоо ч чухал байна. Гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн даруйдаа л цагдаагийн байгууллага судалгаа хийж, урьдчилан сэргийлэх ажлыг ч идэвхжүүлэх шаардлага байна.