Засгийн газрын өр, Монголбанк болон арилжааны банк, аж ахуйн нэгжүүдийн авсан зээл зэрэг манай улсын нийт гадаад өр 29.7 тэрбум ам.доллар болоод байгаа юм.
Үүнийг өнөөгийн үнэ цэнээр хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний 53.6 хувьтай тэнцэж байна. Үүний 10.2 хувийг дотоодын өр, 85.1 хувийг гадаад өр, 4.7 хувийг өрийн баталгаа буюу Засгийн газрын бонд эзэлж байна. Тодруулбал нэг хүнд ногдох өр 7 сая 129 мянган төгрөг байгаа юм. Хамгийн сонирхолтой нь жил ирэх бүр өрийн хэмжээ багасах биш улам нэмэгдсээр байгаа нь эрсдлийг нэмэгдүүлсээр байна.
Тухайлбал манай улс ойрын дөрвөн жилд 14.4 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Засгийн газар 2012 оноос хойш нийт долоон бонд гаргаж, 7 их наяд гаруй төгрөг босгосон. 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд.
2018 онд төлөгдсөн 500 сая доллар, 2022 онд төлөгдөх нэг тэрбум ам.доллараас бүрдсэн. Чингис бондын эхний өрийг Гэрэгэ бондоор төлсөн. Тодруулбал хойд хормойгоор урд хормойгоо нөхнө гэгчээр нэг зээлийн эргэн төлөлт болоход дахин бонд гаргаж мөнгө босгосон. Энэ нь түрхэн аргалж байгаа төдий болохоос биш тухайн өрийг төлж барагдуулсан гэсэн үг биш юм. Энэ бондын эргэн төлөлтийн хуваарийг харвал ойрын дөрвөн жилд Засгийн газрын гадаад өрийн эргэн төлөлт манай улсын төсөвт ихээхэн дарамт учруулахаар байна.
Гэтэл Засгийн газраас коронавирусний үед хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан. Үүнд шаардагдах хөрөнгийг зарим хэсгийг “Өрийн удирдлагын тухай” хуулийн заалтын дагуу зарим өрийг хойшлуулах гэрээ хэлцэл явсан тул төлөгдөх зээл, хүүгийн төлбөрийг гаргана гэсэн юм. Энэ мэдээллээс харахад ойрын дөрвөн жилд төлөх ёстой зээлийн хүү, эргэн төлөлтийг эдийн засгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн хямралаас үүдэн дахин хойшлуулах аргыг сүвэгчилсээр байна. Үүнээс гадна 46 мянган хүн ажлын байргүй болж, иргэд төдийгүй компаниудын үйл ажиллагаа тасалдаж зарим нь дампуурч эхэлсэн. Цаашдаа ч манай улсын хувьд өр тавих магадлал өндөр. Олон жишгээс харахад дэлхий нийтийг хамарсан хямралын дараагаар улс орнуудын өр эрс нэмэгддэг нь судалгаагаар батлагджээ.