Ирээдүйдээ зориулж өнөөдрөөсөө хэмнэж хураах хэдэн төгрөгөө гэртээ эсвэл өөр нэг газарт "нууснаас" банкинд хадгалах нь илүү найдвартай гэж хүн бүр боддог. Гэтэл банк гэдэг цагаа тулахаар тийм ч найдвартай газар биш бололтой. Учир нь гэвэл иргэн С.Урансувдмаа нь 2013 онд өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалтаар ашигладаг орон сууцыг иргэн О.Уламбаяр болон түүний эхнэр Л.Энхзул нарт зарахаар болжээ. О.Уламбаяр, Л.Энхзул нар тус обьектийг "Голомт" банкны зээлээр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 45 сая төгрөгийг "Голомт" банкны дансанд байршуулсаныг иргэн С.Урансувдмаад харуулж, орон сууцны ордерийг нь Л.Энхзул нэр дээрээ шилжүүлж авчээ. Ингээд тухайн үед "Голомт" банкны Тэнгис дэх салбарын зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Х.Аделбек нь С.Урансувдмааг төгрөгийн данс нээлгэх шаардлагатай хэмээн дансны маягт бөглүүлсэн бөгөөд энэ бүхний дараа С.Урансувдмаа орон сууцгүй, мөнгөгүй, хоосон хоцорчээ.
Тодруулбал, иргэн С.Урансувдмаа өөрийн дансан дахь мөнгөө өөрөө ч мэдэлгүй танихгүй нэгэнд алдчихсан гэсэн үг. Харилцагчийн нууцыг өндөр зэрэглэлд хамгаалж, дансан дахь мөнгийг нь эрсдэлгүй, баталгаатай хадгалж байх үүрэгтэй "Голомт" банк хариуцлага алдаж С.Урансувдмаагийн данснаас нийтдээ 123 сая төгрөгийг О.Уламбаярын гарын үсгээр гаргаж, харилцагчаа хохироосон байгаа юм.
Энд баримт болгож иргэн С.Урансувдмаагийн "Голомт" банкны дансны хуулгыг харуулъя.
2013.08.19-ны өдөр Л.Энхзул нь урьдчилгаа 45 саяыг хасаад 77 сая 610 мянган төгрөгийг С.Урансувдмаагийн данс руу орон сууцыг нь худалдаж авсан төлбөр хэмээн шилжүүлжээ. Гэхдээ хамгийн аймшигтай нь Л.Энхзул гэх бүсгүйн нөхөр О.Уламбаяр нь тухайн өдөр 30 сая төгрөгийн зарлагыг С.Урансувдмаагийн данснаас авсан байгаа юм.
Мөн маргааш нь буюу 2013.08.20-ны өдөр ЦД81042117 регистерийн дугаартай О.Уламбаяр нь дахин С.Урансувдмаагийн данснаас 20 саяар хоёр удаа буюу нийт 40 сая төгрөгийг авсан байна.
2013.08.21-ний өдөр үлдэгдэл 7 сая 600 мянган төгрөгийг нь авч дураараа захиран зарцуулсан буюу Хаан банк дахь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрөө хийжээ.
Ийнхүү бусдын дансыг дураараа эзэмшиж, хамаг мөнгийг нь хуу хамсан шалтгаанаа ердөө ганцхан нүүр цаасаар О.Уламбаяр тайлбарладаг. Энэ бол дансны хамтран эзэмшигчээр бүртгүүлэх тухай хүсэлт юм.
Тус хүсэлтийг дансыг хамтран эзэмших этгээдүүд хамтдаа банкны салбарт өөрсдийн биеэр очиж, хүсэлт бөглөж, теллер нь бичиг баримтыг шалгаж, нягталсаны дараа хамтран эзэмшигчээр бүртгэдэг. Мөн хамтдаа банкны салбарт очих боломжгүй бол данс хамтран эзэмшихээр хүлээн зөвшөөрч байгааг нотолсон нотариатын тамга, тэмдэг бүхий баталгаа байх ёстой аж. Гэтэл иргэн С.Урансувмдаа нь орон сууцыг нь худалдаж авахаар уулзаж, танилцсан О.Уламбаярыг данс хамтран эзэмшигчээр бүртгүүлэх ямар ч шалтгаан байхгүй бөгөөд өөрийн нь дансны хамтран эзэмшигчээр О.Уламбаярыг орсон гэдгийг зүүдлээ ч үгүй явсан байна. Яг энэ нөхцөл байдлаас болж иргэн С.Урансувмаа үл хөдлөх хөрөнгөгүй болсноос гадна дансан дахь урьдчилгаа 45 сая болоод сүүлд орж ирсэн 77 сая 600 мянган төгрөгөө О.Уламбаярт алдсанаар нийт 123 сая төгрөгийг Голомт банкны данснаасаа алдсан байгаа юм.
С.УРАНСУВДМАА: ХҮМҮҮС ЭЭ! Голомт банкинд байгаа таны мөнгө найдваргүй газар байгаа. Тиймээс мөнгөө алдахаасаа өмнө аваарай
2013 оноос хойш яг энэ асуудлаар Голомт банктай маргалдаж, хууль, шүүхийн шударга бус байдлын өмнө хүчин мөхөдсөн эмэгтэй, аргаа барахдаа нэг ойтой нялх хүүхдээ тэврээд Сүхбаатарын талбай дээр буюу Голомт банкны урд суулт зарласан. Тэрээр "Би зүгээр л үл хөдлөхөө зарах гэж банкны хаалгаар ороод маш аймшигтайгаар луйвардуулсан. Банк ийм луйварчин байна гэж огт бодоогүй. Голомт банк үнэхээр найдваргүй. Тиймээс хүмүүсд хандаж хэлэхэд Голомт банкинд байгаа таны мөнгө найдваргүй газар байгаа. Тиймээс мөнгөө над шиг алдахаас өмнө аваарай гэж анхааруулмаар байна" гэсэ.н юм.
"ГОЛОМТ" БАНКНЫ ГАРГАСАН АЙМШИГТ АЛДААНУУД
Банк бол харилцагчиддаа учруулсан эрсдэлээ бүрэн хүлээх чадвартай байх ёстой. Гэтэл Голомт банк аймшигтай алдаа гаргаж, түүнээс гарсан эрсдэлийг үүрэх бус харин ч зугатааж иргэнийг зургаан жилийн турш хохироосон байгаа юм.
Голомт банк камерийн бичлэгийг зургаан жилийн хугацаанд хадгалах хуультай. Архивын тухай хуулиар ярьвал бичлэг болон нотлох баримтыг 10 хүртлэх жил хадгалах учиртай ч өдгөө хүртэл С.Урансувдмаа нь О.Уламбаяртай хамт ирж данс хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүйг нотлох камерын бичлэгийг гаргаж өгдөггүй, тойрч зугатдаг ажээ.
Мөн амины зориулалтаар бус үйлчилгээний зориулалтаар ашиглаж буй орон сууцанд ипотекийн 8%-ийн хүүтэй зээл олгосон. Ингэж олгохдоо ипотекийн зээл олгох журмын дагуу эксроу данс нээх байсан ч С.Урансувдмаад "эксроу данс нээнэ" гэж худал хэлэн хугацаагүй мөнгөн хадгаламж нээлгэх хүсэлт бөглүүлсэн байгаа юм. Ахиад нэг аймшигтай алдаа нь С.Урансувдмааг өмнө нь их хэмжээний еврогийн гүйлгээ хийдэг, Дубай-Улаанбаатар хооронд байнга зорчдог мөнгөтэй хүн гэх мэдээллийг О.Уламбаярт өгч, О.Уламбаярыг С.Урансувдмаагийн данснаас мөнгө "хулгайлах" сэдэлтэй болгож, боломжоор нь бүрэн хангасан.
Мөнгөн хадгаламжийн гэрээний 2.1.2 дахь хэсэгт зааснаар Хадгалагч нь хадгалуулагчийн мөнгөн хадгаламжаас зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх бөгөөд хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн нууц, электрон гарын үсгийн нуццлал болон гүйлгээний талаарх аливаа мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй гэсэн заалтыг илт зөрчсөн нь хэн бүхэнд тодорхой харагдаж байгаа юм.
Банк ийм илт хариуцлагагүй байдал гаргаж харилцагчаа хохироосон тохиолдолд хамгийн эхлээд харилцагчаа 100% хохиролгүй болгодог. Үүнийг томоохон хоёр банкны жишээнээс бэлхэн харж болно.
Албан бус эх сурвалжийн ярьж буйгаар хамгийн том банкны /албаны эх сурвалж биш тул нэрийг бичихээс татгалзав/ Хөвсгөл аймаг дахь салбараас нэг өдрийн дотор харилцагчийн данснаас 800 сая төгрөг гэнэт л алга болжээ. Энэ тохиолдолд тус банк эхлээд харилцагчыг 100% хохиролгүй болгосон бөгөөд дараа нь тухайн мөнгийг хэн, яаж авсан гэдгийг илрүүлэх, шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Түүнчлэн бас нэгэн томоохон банкны харилцагчийн данснаас гурван жилийн дотор ТАВАН тэрбум төгрөг бага багаар алга болсон байна. Энэ тохиолдолд ч мөн эхлээд харицлагчаа хохиролгүй болгож, дараа нь зохих арга хэмжээг авч, шийдвэрлэж байжээ.
Гэтэл Голомт банк өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэний хохиролыг барагдуулах бүү хэл хэргийг шийдвэрлэхээс татгалзаж ЗУРГААН жил явуулж, эцэст нь талбай дээр нэг ойтой нялх хүүхдээ тэврээд суулт хийтэл нь явуулжээ.
Энэ асуудлаар Голомт банкнаас тодруулахаар удаа дараа утсаар холбогдож хүсэлт тавьсан ч хариулт өгөхөөс татгалзасан. Сэтгүүлч миний бие хариулт авахаар өөрийн биеэр очиж хүсэлт тавьсан ч сэтгүүлч, зураглаачдыг хамгаалалтын албаныхан хүч хэрэглэн хөөж гаргаж байсан юм. Энэ байдлаас утхайн асуудалд банк өгөх хариултгүй гэдгийг төвөггүй ойлгож болох юм.
"ГОЛОМТ" БАНКНЫ ДУУЛИАНУУД
Энэ мэт зохисгүй үйлдвэл гаргаж байгаа Голомт банкны нэр хэд хэдэн томоохон дуулианд хүртэл "гол дүрд" тоглож байсан. “Голомт банк”-ны ТУЗ-ийн дарга байсан Д.Баясгалан ба “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү “Рекат Монголия” ХХК-ийн захирал Д.Баатар, нарын хооронд үүссэн маргаан буюу мөн л данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ДӨРВӨН САЯ АМ.ДОЛЛАРЫГ шилжүүлсэн үйлдэл юм. Тус хэрэгтэй холбоотойгоор “Голомт банк”-ны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож явсан үе саяхан. Гэтэл дахин нэг хэрэгт нэр холбогдсон нь Холбооны бүгд найрамдах Нигер улсын ирсэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар нь бүлэглэн 2018 оны сүүлийн хагас жилд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилжээ. Тодруулбал, "Лонати СПА", "Делүксе мулти сервисес СРЛ" зэрэг ХХК-ийг зохиомлоор байгуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компаниас Итали улсын "Лонати СПА" компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог өөрсдийн байгуулсан "Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь еврогийн харилцах дансаар хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлджээ.
Ийнхүү саар бүхэнд нэр холбогдох болсон Голомт банк уриа шиг ээ Сайн сайхныг санхүүжүүлж, эрсдэлгүй, найдвартай банк байж чадах эсэх нь улам л эргэлзээ төрүүлсээр байна.
Т.Цолмонсайхан