Фантастик” продакшний уран бүтээл “37-р точка” олон ангит киноны Ялалт, Тогосоо, Лутаа, Галт, Шизо зэрэг олон дүрүүд үзэгчдийн зүрх сэтгэлд өөрсдийн гэсэн үүрээ зассантай нэгэн адил Долгор хэмээх эмэгтэйн дүр үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн. Тус киног үзэх бүрт, яг Долгорын хэсгийг гарах бүрт “яаж вэ” гэх асуултыг өөрөөсөө асууж, тус дүрийг бүтээсэн жүжигчин, найруулагч МУСТА Ж.Амарзаяа гэх эмэгтэйг “шүтэн, биширч” хүндэлдэг болсон юм.
Долгорын дүрээр олон нийтэд танигдсан Ж.Амарзаяа эгчтэй танилцаж, халуун дотно яриа өрнүүлэхээр түүний ажилладаг “Black box” театрыг зорьж очсон юм. Хүн хайртай хүнээ харахаараа сандарч, догдлоод үг хэлж чаддаггүйтэй нэгэн адил хүндэлдэг, биширдэг хүнээ хараад нэгдүгээрт сандарч, хоёрдугаарт Долгорын дүрээр л төсөөлж ирсэн даруухан, дөлгөөхөн төсөөлөл маань орвонгоороо эргэж эрч хүч, цог золбоотой, хэнэггүй, нээлттэй Ж.Амарзаяатай нүүр тулаад сандарч мэгдсэн хэрэг. Бэлдэж ирсэн асуултнаасаа ичсэн би үнэн учраа тайлбарлаж, халуун кофегоор дайлуулангаа маргааш өдөр нь дахин уулзах цаг болзсон юм. Ийнхүү хоёр дахь удаагийн оролдлогоор бүтсэн эрч хүчтэй, хөдөлмөрч, энгийн хэрнээ цаанаа л нэг эрхэмсэг Ж.Амарзаяа /МУСТА/ хэмээх найруулагч, жүжигчин бүсгүйтэй хийсэн ярицлагаа уншигч нартаа хүргэж байна.
- Амралтын өдрийн мэнд хүргэе. Хэдий амралтын өдөр ч гэлээ цаг зав гаргаж байгаад баярлалаа. Хоёулаа ярилцлагаа таны өдөр хэрхэн эхэлдэг вэ гэсэн асуултаар эхэлье.
- Ер нь болж өгвөл сайхан унтаж амраад байх санаатай. Гэхдээ би хүн ер нь үхсэнийхээ дараа хойд насандаа их амардаг байх, энэ насандаа болж өгвөл өөрийнхөө энергийг сайн зарцуулж байх хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор тэр нь надад их хүч өгдөг. Тийм учраас өглөө босоход асуудал байдаггүй. Гялс босоод өөрийнхөө ажлыг, хийх ёстой юмаа хийгээд явчихдаг даа.
- Та завгүй хөдөлмөрлөдөг шиг харагдсан. Өдөрт олон ажил амжуулахын тулд ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
- Залуу байхад толгой сийрэг дотроо граффик гаргаад бодчихдог байсан бол одоо жоохон нас хэвийх тал руугаа орж байгаа болохоор ерөнхийдөө цаасан дээр бичих гээд байдаг болчихсон байна лээ. Тэгээд цаасаа бариад дэлгүүр явах гоё./инээв/ Эмэгтэйчүүд ер нь дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулах үед аз жаргалын гармон ялгарч байдаг. Заримдаа яг уурлаад ирэхээрээ дэлгүүр явмаар санагддаг. Би болвол олон хүн бужигнасан том И-март зэрэг дэлгүүрт юм үзэх дуртай. Авахдаа гол нь биш. Эмэгтэй хүн дэлгүүрт очихоороо хүүхэн хараа нь томорчихдог гэсэн. Ухаан мэдрэл байхгүй болоод нэг бүрчлэн юмыг үзэж, өөрөө тэрнээсээ таашаал аваад, дуртай window shopping гэж ярьдагдаа тэр бол өөрөө стресс тайлдаг гоё орчин. Заримдаа төлөвлөгөө бүх юмаа хаяад дэлгүүр хэсээд юм үзэх гоё байдаг./инээв/
- Ажил төлөвлөлт, дэлгүүр хэсэх гээд янз бүрийн аппликэйшин байдаг болж. Та ер нь онлайнаар дэлгүүр хэсэх, цаг төлөвлөлтийн аппликэйшин хэрэглэх дуртай юу?
- Ер нь янз бүрийн аппликэйшинуудад их дуртай. Ялангуяа манай ээжийн хэрэглэдэг автобусны U-Bus аппликэйшин их таалагддаг. Манай ээж их мундаг хэрэглэдэг. Одоо 73 настай гэхэд мобайл банк, и-мейл бичих зэрэг аппликэйшин сайн хэрэглэж байхад би бас хэрэглэх дуртай.
- Тантай ярилцах гэж бэлтгэхдээ “37-р точка” киноны Долгорын дүрийн тухай, амьдрал, уран бүтээл гээд нилээн хэдэн асуулт бэлдчихсэн байсан юм. Эдгээр асуултыг асуухаа өмнө таны одоо хийж байгаа ажил, уран бүтээл сонирхол татаад байх юм?
- Манай “Black Box” театр философийн жүжгүүд олныг тавина. Ер нь ийм жүжгүүдийг тавьдаг. Саяхан гэхэд Нецщегийн “Заратустра юу гэж хэлсэн бэ?” гэдэг жүжиг тоглоод дууссан. Философийн жүжиг ойлгодог хүн тун бага. Философи өөрөө гүн ухаан, мөн чанар учраас энийг би өндөр настай хүн ойлгодог болов уу? гэсэн чинь манай үзэгчид дан залуучууд байсан. Бид жүжгээ тавихаас өмнө “Ницщегийн номыг авья” гээд номын дэлгүүрүүдээр хайхад “ховор, байхгүй, дууссан” гэдэг хариултыг сонсож байсан. Манай залуучууд номыг сайн уншиж байгаа нь эндээс харагдаж байна лээ. Энэ “Z” үе, “Альпа” үеийнхэн их мундаг. Тэдний эрэн үе ирж, бид хоцрогдоод байна. Эднийг шүтэж их юм сурахаар болжээ. Энэ үеийн хүүхдүүд нигүүлсэнгүй, хүнлэг энэрэнгүй байгаа нь надад их таалагдаж байна. Би сүүлийн үед ер нь найруулагч тал руугаа голчилж ажиллаж байгаа. Сая Цэдэнбал гуайн тухай “Түүх мартахгүй” кинонд орос талын найруулагчаар ажилласан. Унаган орос хэлээ ашиглаад дээр нь “Black Box” театртаа найруулагч хийж байсан туршлагандаа суурилан тус ажлыг хийсэн. Энэ театртаа туслах найруулагчаар ажиллах гоё байдаг. С.Мягмар ах маань сайн чиглүүлж зааварчилж өгдөг. Би өөрөө реалист жүжигчин. Тэгсэн хэрнээ тэр социалист реализмийн юмыг нааш нь татаж гарган шаал өөр түвшинд аваачна. Энэ абсурд урлаг, абстракт, модерн урлаг өөр хоорондоо их өөр төрөл. Энэ төрлүүд рүү ороход хүнээ өөрчлөх хэрэг гарч байгаа юм. Реализм өөрөө тэр хөнгөн инээх, уйлах, хөнгөн шийдлүүдийг олдог бол Абсурд урлаг өөрөө гүн ухагдахуун, хүний сэтгэлийн хөдөлгөөнийг яаж илэрч байгаа процессыг 30 минут магадгүй нэг цаг харж анхаарлаа төвлөрүүлж сууж үзэх шаардлагатай болдог тэвчээрийн урлаг. Манай театр аливаа жүжгийг хийхдээ хугацаа харахгүй тавьдаг.
- Философийн жүжгийг ойлгох хүн ховор учир үзэгч багатай байх. Тэгэхээр үүнийг дагаад ашиг, орлого багатай байдаг байх?
- Ашиг гэдэг зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй. Манай жүжгийг үзээд санаа аваад өөрийгөө олоосой гэж хүсдэг. Ер нь С.Мягмар ахдаа их талархдаг. Өөрийгөө энэ урлагт зориулж байгаад нь маш их талархдаг. Би хүүхэд байхаасаа С.Мягмар ахдаа эрхэлж өссөн. С.Мягмар ах маань миний нагац шүү дээ. Дээр нь хамт ажиллаад долоогоос найман жил үзэл бодлын сонсоод хамтарч ажиллаж байгаа нь сайхан байдаг.
- Таныг олонд таниулсан Долгорын дүрд ажиллахад хэр байсан бэ? Та өмнө нь 100 гаруй дэлгэцийн уран бүтээлд туслах дүрийг бүтээсэн байсан. Тэр дүрүүдээс олон нийтэд хамгийн сайн хүрсэн нь “37-р точка” олон ангит киноны Долгорын дүр байх?
- Долгорын хувьд “энэ эгч өөрөө архичин байхаа. Тэгээд энэ дүрийг ингэж гаргасан байх” гэсэн үзэгчдийн сэтгэгдэлийг их уншиж байлаа. Ер нь өнөөгийн нийгэмд архинаас хамааралтай гишүүнтэй гэр бүлүүд их байдаг. Монгол Улсын хэмжээнд архидан, согтуурах явдал их байна. Архинаас хамааралтай болчихсон байгаа хүмүүсээ архинаас гаргачих юмсан гэсэн хүсэл зорилго бүгдэд байдаг. Энэ ингэж орилдог , ингэж инээдэг гээд бүгд мэднэ шүү дээ. Тэрэнтэй ижил би бас мэднэ. Тэгж л энэ дүр гарсан. Түүнээс биш үхэж кинонд тоглох юм бол би урьд нь үхсэн байх ёстой юу. Гэхдээ тийм байдаггүй шүү дээ. Зарим хүмүүст мэдээж Долгорын дүр таалагдахгүй байгаа. Ялангуяа одоогийн залуучуудад таалагдаагүй л байх. Яагаад гэвэл шинэ үеийн залуус архинд эмзэг ханддаг, уудаггүй, хөлчүүрхдэггүй залууст мэдээж таалагдахгүй. Архи, пивоноос хол мундаг эрэн үе гарч ирж байна. Энэ бол гайхамшигтай сайн зүйл. Харин хажууд нь архинаас хамааралтай хүмүүс “Долгорыг архинаас гаргачих юмсан” гэж санаа зовсон сэтгэгдэл бичиж байсан.Тэр бүү хэл “Долгор яаж архинаас гарсан бэ. Сайхан амьдрал гээд архинаас гаргадаг төрийн бус байгууллага дээр очоод кодлуулсан юм болов уу” гэдэг сэтгэгдэлүүд ч мөн их ирж байлаа. Үүний хажуугаар зунгаарсан хачин дүр гэж шүүмжлэх хүн ч нь байсан. /инээв/ Гэхдээ Долгорын дүр бүгдэд ойлгомжтой, өндөр өсөлттэй тэгсэн хэрнээ доошоо уналттай, амьдралд маш ойр дүр. 20 ангитай кино болохоор тэр хугацаанд хүн яаж ч эргэж болдог гэдгийг харуулсан дүр ганцхан над дээр таарсанд би өөрийгөө азтайд тооцдог. Б.Тамир найруулагч “Жүжигчин хүний хүсдэг л дүр” гэж хэлж байсан удаатай.
- Та бүтээж буй дүрдээ цаддаг уу?
- Миний хувьд нэг их цадах мэдрэмж аваад байдаггүй. Дүр бол надад ганцхан Долгорын дүрийг өгч байгаа болохоор тэрийг л уншиж дүр дээрээ ажилладаг. Мөн хажуунаас найруулагч маш их зөвөлгөө өгдөг болохоор нөхцөл байдалд нь тааруулаад ажилладаг.
- Дүрээсээ гарч чадахгүй шаналах тохиолдол байдаг уу?
- Байлгүй яахав. Дуустал нь шанална. Зураг авалт дууссаны дараа хоосон хоосрол бий болоод дүрнээс орж, гарахад надад бол хэцүү байдаг. Үг ихтэй дүр бүтээхэд жоохон ядардаг. Би өөрөө дуу цөөтэй, чалчаа биш болохоор яриа ихтэй дүрийг бүтээхдээ ядардаг юм билээ.
- Найруулагч жүжигчинээс гадна цаг гаргаж дурладаг хобби байгаа юу?
- Байгаа. Юм нэхнэ, оёно, хатгана, цэцэг тарих гээд болж л өгвөл бүх юмыг оролдож үзэхийг хичээдэг. Ялангуяа гараар хийдэг гар урлалын төрлүүдэд их дуртай. Puzzle эвлүүлэх бас дуртай. Өнгө будаг, утга авцалдааг хайж байхад агуу ганцаардлын орчин байдаг. Анх puzzle эвлүүлэхийг нэг маань дурлуулчихсан. Тэгээд анх 500 ширхэгийг эвлүүлээд нэмж ахиулсаар байгаад дуртай болчихсон. С.Мягмар ах маань хэлдэг юм. Хүний зурсан зургийг эвлүүлээд суух юм. Өөрөө зурчихвал яадаг юм гээд тоглоно. Би өөрөө зурахдаа муу болохоор ингээд эвлүүлээд суух нь сайхан.
- Уран бүтээлийн онгод яаж ордог вэ?
- Орчноос тасарч, ганцаараа байх үед л орно доо.
- Галзуу ичмээр үйлдэл хийдэг үү?
- Залуу насандаа “дахиж хэзээ ч ингэхгүй дээ” гэж бодсон үйлдлүүд хийнэ шүү дээ. Одоо бодохоор инээд хүрээд байдаг.
- Тантай ярилцах зуур ганцаараа байх, ганцаардлыг мэдрэх дуртай хүн шиг санагдлаа. Гэвч би тантай анх уулзахдаа таныг гал цог нь бадарсан, нийтэч хүн байна гэж бодсон. Ер нь та хэр нийтэч вэ? Таны бодлоор найз гэж хэн бэ?
- Сайхан сайхан найз нар олон байна. Алдаа, оноо юутай, хийтэй нь найзалдаг. Найзаа сонгох, найзын төлөө амьдрах л хэцүү. Болж өгвөл хүнд үед нь байх хэрэгтэй, жаргалтай үед байх нь аяндаа сонгогдчихдог. Нэг найз маань манай өрөөнд орж ирээд цонхоор үндэсний телевизийн антеннийг харснаа “Ямар гоё юм бэ гээд ёолкны гэрэл харж байгаа хүүхэд шиг антенн хараад” баярлаж байгаа найз байна. Миний хувьд хүн сэтгэлээрээ залуу байх хэрэгтэй. Жижиг юмнаас ч аз жаргалыг мэдэрч, бага ч атугай аз жаргалыг чимх чимхээр мэдэрч баясах хэрэгтэй гэж боддог. Тийм эрч хүч баясалыг мэдрүүлэх найз ч байдаг. Найзуудаасаа эрч хүч, зөвөлгөө, дэмжлэг гээд бүхий л сайхан харилцааг мэдэрдэг.
- Сэтгэлээр унасан үедээ юу хийх дуртай вэ?
- Учиргүй гэрээ цэвэрлээд эхэлдэг. Тэр үедээ дотроо баахан юм бодож, цэгцэлдэг.
- Гэр бүлийнхээ хүний талаар ярьж болох уу?
- Заяаны хань зам дээр гэдэг шиг нөхөртэйгөө зөрөлдөж, утсаар яриагүй байсан ч сонин дэлгүүрт яг нэг газарт дандаа тааралддаг. Намайг дагаад дандаа явахгүй ч бид хоёрын сонирхол нэг юман дээр нэгдэж тааралддаг. Хаа ч байсан намайг олоод авчихдаг. Хэзээ ч чамайг муухайгаар хэлэхгүй тийм л хүнээ олоод тааралдвал охидуудад их чухал. “Орой унтах нь чухал биш өглөө бүр хамт сэрэх нь чухал” гэдэгтэй санал нийлдэг. Намайг манай нөхөр хэзээ ч харааж, доромжилсон үг хэлж байгаагүй. Би ч бас ханийгаа муу муухай үгээр хэлж үзээгүй. Бие биендээ их хүндлэлтэй хандаж, шүтэж хайрладаг даа. Аль болох нээлттэй ярилцах хэлэлцэх хэрэгтэй. Хамтдаа аялах хэрэгтэй.
- Догдлох мэдрэмжийг юунаас авдаг вэ? Ойрд догдолсон уу?
- Байлгүй яахав. Тэрийг байнга байлгахын тулд өөрсдөө ажиллах, хичээх хэрэгтэй. Манай хүн үе үе гэнэтийн бэлэг барина. Залуу байхад манайх тавилгагүй, жижиг түрээсийн байранд хүнээс авсан хуучин буйдантай байдаг байсан юм. Март-8-ны өмнөх өдөр буюу 7-нд манай хүн маш их ажилтай тэгээд бид хоёр хүүхдээ ээждээ үлдээчээд нөхөртэйгээ бүжгэнд орж бүжиглээд, орой нь манай хүн их ажилтай харихгүй шүү гээд би ч юм бодолгүй гэртээ харьтал цоо шинэ буйдан авчихсан урд нь сандал дээр нэг юм бүтээчихэж. Сөхөөд үзтэл варений шилэн дотор надад гурван ширхэг шар сарнай хийчихсэн байсан. Түүнийг хараад хичнээн их баярлаж, уйлж байсан яг тэрэн шиг тийм гэнэтийн бэлэг, булиглах мэдрэмжийг их төрүүлдэг.
- Эмэгтэй хүний зүгээс амьдралынхаа ханийг сонгох гэж байгаа залуу охид, эмэгтэйчүүддээ хандаж зөвөлвөл юу гэж хэлэх вэ?
- Би хоёр охиндоо өөртөө хайртай хүнтэй суугаарай л гэж хэлдэг. Чамайг хайрладаг хүндэлдэг хүн хэзээ ч муухайгаар хэлэхгүй, чиний өмөг түшиг болж, хязгааргүй ихээр халамжилдаг хүнтэй гэрлээрэй гэж хэлдэг. Чи өөрөө хайртай хайргүй нь чухал биш. Эмэгтэй хүн дасчихан шүү дээ./инээв/ Хүний орчлонд хүн болж төрсөн богинохон хугацаанд өөрийхөөрөө сайхан чөлөөтэй сэлж амьдрах хэрэгтэй. Олон хүнд жаргал мэдрүүлээд хэнийг ч зовоохгүй үхэж чадаж байвал тэр өөрөө гайхамшиг.
- Таны зөвөлгөө олон охид, бүсгүйчүүдэд үнэтэй зөвөлгөө болж чадах байх аа. Ер нь хүний орчлонд янз бүрийн л хүн байна. Хазгарын газар хазгар гэдэг шиг бусадтай харилцах харилцаа бүрт өөрөөрөө байхыг эрхэмлэдэг үү эсвэл хүн хүнд нь таарсан харилцаа буюу “баг” хэрэглэх үе байдаг уу?
- Ер нь хүн бүрт харилцааны хэлбэрт тааруулан хэрэглэдэг баг байдаг. Тэрийг надаас илүү сайн хэрэглэдэг хүмүүс нь иргэд өөрсдөө. Хэрвээ тийм баггүй хүн гэвэл тэнэг хүмүүс л байна байх. Хамгийн энгийн жишээ гэхэд бид хэн нэгнийг гомдоочих вий гэж хичээгээл баг зүүж байдаг. Намайг 13 настай хүүгээ усанд алдаж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тухайн үедээ би бусдын зовлонгийн хажууд юу билээ гэж бодоод тайвширч байсан. Амьдрах гоё хэрнээ богинохон энэ хугацаанд хүн бусдаас хүн чанарыг хайгаад байдаг хэрнээ өөрөөсөө хайдаггүй. Би аль болох л хүнээрээ байх гэж хичээдэг дээ. Хүмүүс жүжигчиний амьдралыг хөнгөн амьдрал гээд байдаг ч тийм биш л дээ. Бодол ухаанаасаа боловсруулж гаргадаг сонголтондоо үнэнч байхыг шаарддаг мэргэжил шүү дээ.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Наранцэцэг