Авхаалж самбаа, эр зориг , гоо зүйн урлаг бол цирк. Тэгвэл бид өнөөдрийн ярилцлагынхаа зочноор хүсэл мөрөөдлийнхөө төлөө чимээгүй хөдөлмөрлөж яваа акробатын “Есөн өрлөг" хамтлагийн гишүүн, Жонглёрчин Cүвээдэйн Баяртулгыг онцоллоо. Тэрээр дөнгөж 20 насандаа Монголын номер нэг жонглёрчин болж чаджэээ. Энэ амжилтанд хүрэхэд түүнд үргэлж зааж зөвлөх багш байгаагүй. Харин монголын болон гадаадын үе үеийн төлөөлөл болсон циркийн багш, уран бүтээлчдээс суралцаж өнөөдрийг хүрчээ.
Монголд циркийн урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Баярын мэнд хүргэе. Тэгэхээр ярилцлагаа таны циркийн урлагтай хэрхэн холбогдсон түүхээс эхэлье
Анх 7 жилийн өмнө ах маань надтай хамт шатар тоглож байгаад 3 хүү аваад жонглёрдож үзүүлсэн. Тэр үед ахыгаа их сонирхож харсан. Түүнээс хойш миний толгойд жонглёрын тухай бодол байнга орж ирдэг болсон. Тэгээд л интернэтээс жонглёрын бичлэг хайж үзээд биед даан сурч эхэлсэндээ. Бас жонглёр сонирхоод удаагүй байж байтал манай суманд “Circus Mongolia Khadgaa” тоглолт ирэхээр нь үзсэн юм. Тоглолтонд Н.Дашдэндэв ах жонглёрдож байсан. Тэгээд л илүү их хичээж амжилт гаргая гэж зүтгэсэндээ.
Багшгүйгээр жонглёр сурч эхлээд мэргэжлийнхнийг харж өөрийгөө хөгжүүлдэг гэж сонссон. Тэгэхээр хүндрэл бэрхээлтэй үеүд багагүй гарсан байх. Энэ талаараа ярихгүй юу?
Жонглёрчин болохын тулд урт хугацааны турш хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгсэн цагт л их бага хэмжээгээр амжилт гаргана. Би багшгүй бас зориулалтын хэрэгсэл ч байхгүй эхэлсэн болохоор их хэцүү байсан. Эвээ олох гэж их удсан шүү. Бэлтгэлээ хийж байгаад хэзээний л хаа нэг газраа шарх үлдээнэ. Ихэнхдээ дээш хардаг болохоор хүзүү нуруу хөшинө, хөл чилнэ, хумс хугарна гээд асуудлууд зөндөө. Гэхдээ би шантраагүй ээ тэсээд л гарсан. Одоо ч гэсэн амжилтаа ахиулахын тулд илүү их тэвчиж хөдөлмөрлөнө.
Монголд циркийн хэрэгсэл зарагддаггүй гэж сонссон. Анх сурч байхдаа бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ?
Би өөрийнхөө сонирхлоор сурч байгаа болохоор надад аппарат хэрэгсэл байгаагүй. Анхандаа бөмбөгийг төмсөөр оруулаад, цагиргыг ногоо усалдаг шланк тайрч холбодог, булавыг кетчупний савыг тайрч орлуулаад тоглодог байсан. Өөрөө дуртай болохоор хичээгээд л байсан даа. Тэгээд жилийн дараа Дархан хотод байдаг “Шонхоодой” ардын циркийн хэрэслээр тоглож эхэлсэн.
Миний олж мэдсэнээр монголд “Соло” жонглёрчин 3 байдаг юм билээ. Нэг “Circus Mongolia Khadgaa” жонглёрчин Н.Дашдэндэв \Даашка\ зөвхөн бөмбөгөөр. Харин нөгөөх нь 3 төрлөөр тоглодог залуу уран бүтээлч. Таны хувьд хэдэн төрлөөр тоглодог вэ?
Тиймээ одоогоор бид 3 “Соло” жонглёр тоглож байгаа. Миний хувьд бол нэг тоглолтонд бөмбөг, цагираг, булав, сул шат, баланс, дан дугуйтай, галтай жонглёр гээд 7 төрлийн үзүүлбэрийн, дунджаар 60 элемент үзүүлдэг. Заримдаа тоглолтын үеэр хүмүүсийн гар утсаар ч хамаагүй жонглёрдчихдог шүү. \Инээв\
Сул шатан дээр жонглёрддог гэж хэллээ. Анх яаж сурсан бэ? Монголд үүнийг заадаг багш байдаг юм уу ? Бас акробатын грүппт харьяалалтай юм билээ тэгэхээр давхар акробатын үзүүлбэр үзүүлдэг гэсэн үг үү ?
Сул шатны орой дээр гарч жонглёрдохыг шидэх банзнаас дүүлэгч акробатын “Есөн Өрлөг” хамтлагийн Д.Пүрэвсамбуу ахаараа заалгасан. Ах маань сул шатыг циркийн сургуулийн Батбаяр багшаас сурсан. Тэр үеэс хойш сул шатан дээр гарсан хүн Монголд байгаагүй ээ. Тэгэхээр би сул шатны үзүүлбэртэй Монголын хоёр дахь хүн болсон гэсэн үг. Харин акробатын хувьд бол 2019 оны хоёрдугаар сараас хичээллэж эхэлсэн. “Есөн Өрлөг” хамтлагийн ахлагч Б.Золбаясгалан ах маань намайг сургасан.
Тэгвэл цирк тэр дундаа жонглёр тоглох нь ямар давуу талтай юм бэ? Энэ талаараа манай уншигчдад сонирхуулж ярихгүй юу?
Маш их давуу талтай. Жишээ нь: Би багадаа их хараа муутай хүүхэд байсан. Жонглёр тоглосноос хойш хараа маань сайжирч одоо хэвэндээ байдалтай болсон. Ер нь циркийн урлагт байна гэдэг нь соёлд, тэсвэр хатуужилд, бусдыг ойлгож хамтарч ажиллах гээд л олон зүйлд суралцах боломжийг нээж өгдөг.
Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ? Нэг удаагийн тоглолтын үзүүлбэр бэлтгэхэд хэр хугацаа зарцуулагддаг юм бол оо?
Би өдөрт доод тал нь зургаа түүнээс дээш цаг бэлтгэл хийдэг. Циркид дөрвөөс зургаан минутын тоглолт үзүүлэхийн тулд хамгийн доод талдаа нэгээс гурван жил өдөр бүр тасралтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг.
Харин одоо С.Баяртулга гэдэг хүний хүүхэд нас хаана хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
Би Сэлэнгийнх л дээ. Бага насаа Сэлэнгэ аймгийн Дулаанхаанд тосгонд өнгөрөөсөндөө. Зун бол өдөржингөө загас бариад усанд сэлээд голын эрэг дээр өнждөг байлаа. Харин бусад үедээ хичээл сургууль, секц дугуйлан гэж гүйгээд л өнгөөрөдөг байсандаа.
Жонглёр тоглохоос гадна бокс, сагс, гар бөмбөг тоглодог гэсэн. Эдгээрээс өөр нууц авьяас эсвэл сонирхдог зүйл байгаа юу?
Тиймээ ЕБС-д байхдаа спортоор хичээллэдэг байсан. Эдгээрээс өөр гэвэл би чөлөөт цагаараа гитар тоглох бас загасчлах дуртай. Бас үс засна. Гэрийнхэндээ бол үсчин шүү. \Инээв\. Гэхдээ одоо бол бэлтгэлдээ л бүх цагаа зарцуулж байна.
Баяртулгын хамгийн анх хийж үзсэн цалинтай ажил нь ямар ажил байсан бэ?
Цалинтай ажил гэвэл есдүгээр ангид байхад “Монгол Циркус Энтертаймент”-ийн захирал Б.Ариунболд ах маань намайг “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн”-д дээр тоглолтонд оруулж өгсөн. Тэрнээс хойш сүүлийн 6 жил гэрийнхнээсээ мөнгө аваагүй ээ. Өөрийнхөө хэрэглээнийхээ мөнгийг хөдөлмөрлөөд олдог гэж хэлж болно.
Ойрын хугацаанд өөрийнхөө ур чадварыг сорьж тэмцээн уралдаанд оръё гэсэн бодол байгаа юу? Хүрэхийн хүссэн амжилт гэж байгаа байх. Энэ талаараа ярихгүй юу?
Тиймээ байгаа. Хоёр жилийн дараа олон улсын тэмцээнд оролцох зорилгоор бэлтэлээ шаргуу хийж байгаа. Хэрвээ би ОУ-ын тэмцээнд орох юмуу тэр тэмцээнээс шагнал авбал Монголын циркийн түүхэнд шинэ хуудас нэмнэ. Учир нь монголын жонглёрчид ОУ-ын тэмцээнд орж байгаагүй. Харин Циркийн ноён оргил “Монте-Карло”-ийн манежинд тоглох бол миний мөрөөдөл.
Хэрвээ циркийн урлагт хөл тавиагүй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?
Би дунд ангид ороод уурхайн том машины жолооч юм уу цагдаа болно гэж боддог байсан.Тэгэхээр энэ хоёрын нэгийг нь сонгох байсан байх. Гэхдээ одоо бол цирк миний амьдралын нэг хэсэг болсондоо.
Тэгэхээр ярилцлагынхаа төгсгөлд цирк гэх том айлд амжилт гаргахад хэн хамгийн их нөлөөлсөн бэ? Тэдгээр хүмүүстээ хандаж хэлэх зүйл байна уу ?
Намайг нутагтаа бэлтгэл хийдэг байхад манай Дулаанхаан тосгоны сургуулийн багш нар соёлын төвийн ах эгч нар маань хамгийн их тусалдаг байсан. Мөн “Есөн Өрлөг ” хамтлаг ,циркийн сургуулийн багш нар, ойр дотны хүмүүсдээ маш их баярладаг. Эдгээр хүмүүсийн итгэлийг зүтгэлээр хариулах болноо гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа