Өнөөдөр Японы парламентын хоёр танхим шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалтыг явуулна. Шинэ Ерөнхий сайдаар эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ болох нь тодорхой болоод байгаа юм. Сонгогдсоныхоо дараа Сүга Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулах аж.
Шинэ Засгийн газрын ихэнх гол албан тушаалд өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан сайд нар үлдэх төлөвтэй байна. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу, Сангийн сайд Таро Асо, Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаба Казүёши, мөн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Хашимото Сейко болон Улс орны эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Нишимура Ясүтоши нар суудлаа хадгалж үлдэх аж. Засгийн газарт ОХУ-тай эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэх асуудлыг хариуцдаг Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Кажияма Хироши мөн дахин томилогдоно.
Харин Батлан хамгаалахын сайд Таро Коно удахгүй болох халаа сэлгээгээр албан тушаалаа орхиж, түүний оронд Абэ Шинзогийн дүү Нобуо Киши томилогдохоор болсон байна. Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн дэд сайдын албыг хашиж байжээ. Коног Захиргааны хэрэг, харилцаа холбооны сайдаар томилох ёстой байсан боловч эцэст нь түүнд төрийн албыг шинэчлэх үүрэг бүхий төрийн сайдын албан тушаалыг өгөхөөр шийдсэн байна.