Хан-Уул дүүргийн прокурорын газраас "Эко констракшн" компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоолыг баталж, түүнд танилцуулахаар болсон байна.
Тодруулбал, "Эко констракшн" компанийн захирал С.Нямдаваа болон тус компанийн зарим албан тушаалтнуудыг "Эко констракшн" компанийн баригдаж буй барилгад гарсан, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон хоёр осолтой холбогдуулан шалгаж, шүүхэд шилжүүлж байсан. Тухайн үед С.Нямдаваа захирлын буруутай үйлдэл нотлогдохгүй байна гэх шалтгаанаар хэргээс "мулталж" байсан.
Харин анхан шатны шүүх хэргийг хянаж үзээд, прокурорын шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж гаргаж, давж заалдах шатны шүүх хэвээр баталжээ.
Тиймээс "Эко констракшн" компанийн захирал С.Нямдавааг яллагдагчаар татах тогтоол гаргаж, өөрт нь танилцуулахаар болсон аж.