Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шинэ жилийн баярын өдрүүдэд “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл ирсэн байна.
Мэдээллийн дагуу НМХГ нэгдүгээр сарын 2-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлгаж хяналт шалгалт хийжээ.
Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг НМХГ-т өгчээ.
Энэ хугацаанд НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг худалдааны газруудаас яаралтайгаар буцаан авалт хийж байна.