Манай улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлээ зурагтаар үзэж нэгдүгээр улирлын амралт эхэлсэн.
Харин бид сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан гэртээ өөрийгөө хөгжүүлж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа нэгэн хүүг онцолж сурвалжиллаа.
Түүнийг Цогбадрахын Чингүн гэдэг. Тэрээр 14 настай. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС ийн 9а ангийн сурагч юм. Ц.Чингүн чөлөөт цагаараа зураг зурж, шатар тоглох дуртай. Мөн өнгөрсөн зуны амралтаасаа хойш өөрийнхөө сонирхлоор сур зангидаж эхэлжээ. Сураар морины хазаар, ногт зангидахаас гадна суран ташуурыг дөрөв болон найман сүлжээгээр зангидаж хийдэг.
Түүнчлэн найман сүлжээгээр ташуур зангидах нь хэн хүний хийж чадах зүйл биш бөгөөд 14 настай хүү өөрөө энэ бүгдийг хийж байгаа нь олзуурхууштай зүйл юм. Бид түүнээс суран эдлэл хэрхэн хийж сурсан тухай тодруулж асуухад “Өнгөрсөн хавар сумынхаа малчин ахыг сур боловсруулж дараа нь хазаар зангидаж байхыг харахад надад их сонирхолтой санагдсан.Түүний дараа манай гэрт малын шир байхаар нь ганд хийж сар гаран боловсруулж, элдээд сураараа хазаар зангидаж эхэлсэн. Анхны хийсэн хазаараа нэг хоногийн дотор зангидаж дуусгасан. Тэрнээс хойш би найздаа бас хүргэн ахдаа хазаар, ногт, ташуур хийж өгсөн” гэлээ.
Мөн тэрээр суран эдлэлийн онцлог давуу талын талаар ингэж ярьлаа.
Сүүлийн үед малчид, уяачид мяндсан болон даавуун оруулгатай хазаар ногт чөдрийг худалдан авч хэрэглэх нь олон болсон. Ийм материалтай эд зүйлс нь малын үс арьсанд шарх үүсгэх тохиолдол гардаг. Харин суран эдлэлийн хувьд илүү бат бөх, удаан эдэлгээтэй байдаг. Малын арьс үсийг гэмтээдэггүй. Бас миний хувьд суран эдлэл хийж байгаа нь нэг талдаа үндэсний соёлын өв тээгч болж байгаа учраас би их баяртай байдаг.
Ц.Чингүн хүү сур зангидахаас гадна шатрын спортоор хичээллэдэг. Тэрээр тавдугаар ангиасаа эхлэн Сэлэнгэ аймгийн аварга шалгууруулах тэмцээн болон бүсийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан ухаалаг хүү юм. Тэрээр таван жилийн өмнө анх жудо бөхийн дугуйланд ороод долоо хүрэхгүй хоногийн дотор Жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртжээ.
Түүний хувьд хөл хорионы эдгээр өдрүүдэд гэр бүлийнхэндээ туслахаас гадна зургийн цуглуулгаа баяжуулах зорилгоор цуврал зураг зурж, өдөр бүр шатар тоглож үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа. Мөн ирээдүйд хууль сахиулагч болох нууцхан мөрөөдлөө хуваалцсан юм.