Өнөөдөр бид ярилцлагынхааа зочноор 28 настай дөрвөн бяцхан хүүхдийн ээж Б.Намууныг урьж оролцууллаа. Тэрээр гэрийн нөхцөл өөрийнхөө мэргэжил сонирхол хоёрыг хослуулж аяган бялуу болон бусад төрлийн амттан хийдэг бүтээлч бүсгүй юм. Түүний хувьд захиалагчийнхаа хүссэн үг болон зургийг бялуун дээр урлаж өгдөг гэдгээрээ илүү онцлогтой. Ингээд Б.Намуунтай ярилцсан амттай яриаг уншиж сонирхоно уу.
Сайн байна уу. Та аяган бялуун дээр зураг зурж төрөл бүрээр бичиглэл хийдэг. Бас шоколад хайлуулж олон төрлийн хэлбэр дизайнтай болгодог юм билээ. Ингэх нь сонирхолтой санагдаж байна. Энэ санааг анх хаанаас олж хэзээнээс энэхүү амттанг хийж эхэлсэн бэ?
МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг сурч төгссөн. Оюутан байхдаа хайчилбар, сийлбэр, цоолбор гэх зүйлсийг сонирхдог байлаа. Тэр үедээ санаандгүй байдлаар бялуу хийх сургалтанд нэг удаа сууж үзээд илүү их сонирхолтой болсондоо.
Харин бялуун дээр зураг зурах санаагаа яаж олсон бэ гэхээр амттан тэр дундаа бялуу хүнд бэлэг болж очдог учраас зураг болон бичиглэлээр утга санаа илэрхийлвэл гоё гэж бодоод өөрөө санаа гаргаж эхэлсэн.
Дөрвөн хүүхэдтэй учир хүүхдүүддээ болон гэрийн ажилд ихэнх цагийг зарцуулдаг байх. Энэ их ажлын хажуугаар бялууны захиалгаа хэрхэн амжуулж байна вэ?
Ганц би ч гэлтгүй хүүхэд гаргасан ээжүүд удаан хугацаанд гэртээ байдаг шүү дээ. Тэр үедээ хоолоо хийх гэрээ цэвэрлэх гэх мэт нэг хэвийн байдлаар өдөр хоногийг өнгөрөөдөг. Харин би тийм байдалтай байхыг хүсдэггүй. Миний хувьд гэрийн ажилдаа дарагдаад суухгүйн тулд хийх зүйлээ төлөвлөөд илүү гарсан цагаараа ажлаа амжуулдаг.
Ажиллаж байхад шантрах үе гарч байсан уу. Тэр үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
Баярын үеэр маш их ачаалалтай болдог. Тэр үед өдөр шөнөгүй ажиллаад ядардаг. Тэгээд өөрийгөө ингэж зовоон хийх хэрэг байна уу гэж бодоод хэсэг хугацаанд ажлаа орхих үе байдаг л даа. Гэхдээ амттан хийх миний хамгийн дуртай ажил болохоор өөрийн эрхгүй эргээд татагдаад эхэлдэг дээ. /инээв/
Би таныг “хоол бол урлаг” гэдэг үгийг амь оруулж байгаа хүмүүсийн нэг гэж харж байгаа. Учир нь ганц өндөр зэрэглэлийн ресторанд ажиллаж байгаа тогооч нар харагдах, амтлах байдлаараа сайхан хоол хийдэг юм биш. Харин жирийн монгол ээж өөрийнхөө сонирхлоор бүтээлч сэтгэхүйгээр маш гоё амттан хийж чадаж байгаагийн тод жишээ та байна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө үйлчлүүлэгчдээсээ сонсдог хамгийн сайхан үгсээ манай уншигчидтай хуваалцана уу?
Баярлалаа. Би хоолыг амтлахаасаа өмнө хараад сэтгэл ханамж авбал идэх гэж байгаа хоол илүү амттай болдог гэж боддог. Хичнээн сайхан амттай хоол байлаа ч таваглалт харагдах байдал нь онцгүй бол тэр хоолыг идэх гэж байгаа хүний сэтгэл ханамж унана шүү дээ. Тийм учраас би хийж байгаа хоол амттан бүрийнхээ амт гадаад үзэмжийг илүү анхаардаг.
Харин надаас амттан захиалж авсан хүмүүсээс талархлын сайхан үгсийг маш их сонсдог шүү. Тэр үед надад мөнгө тийм ч үнэ цэнэтэй санагддаггүй. Тэдгээр хүмүүсийн надад хэлж байгаа үгс өөрөө төлбөр юм шиг санагддаг. Сонирхуулж ярихад нэг захиалагч маань чин сэтгэлийн үг, зурагтай бялуу хийлгээд ээждээ бэлэг болгож өгсөн чинь ээж нь ийм сайхан юмыг яаж идэх юм бэ гээд бурхныхаа өмнө тавьчихаад идэхгүй байсан гэсэн. /инээв/
-Oдоогоор, үйлчлүүлэгчиддээ зориулж хэчнээн төрлийн аяган бялууны багц гаргаад байгаа вэ?
Миний хийж байгаа бялууны онцлог нь захиалагчийнхаа хүссэн сэдэвт тохируулж зураг зурж, бичиглэл хийж өгдөг. Тэгэхээр тэдэн төрөл байдаг гэж хэлэх боломжгүй. Аяган бялууны хувьд дөрөв, зургаа, найм, арванхоёр гэх мэтээр багцалсан үнийн дүнгээр худалдаалдаг. Бусад том бялуу, шоколад, зайрмаг, кэйкүүдийн хувьд арай өөр сонголт үнийн дүнтэй.
- Таныг хэн хамгийн их дэмждэг вэ. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр өөрийгөө сорьж ямар нэг уралдаан тэмцээнд орж байв уу?
Намайг нөхөр, хүүхдүүд минь хамгийн их дэмждэг. Би ажлаа өөрийнхөө гэрийн гал тогоонд хийдэг л дээ. Тийм болохоор амттанаа хийж дуусаад гэр бүлийнхнийхээ сэтгэгдлийг сонсох дуртай. Харин тэмцээн уралдааны хувьд гэвэл “Монголын тогоочдын аварга шалгаруулах” тэмцээн, “Чингис хаан кап” чаллэнж гэх мэт уралдаанаас шагналт байр эзэлж байсан.
-Бялуу хийхээс гадна өөр юу хийх сонирхолтой вэ. Өөртөө хэр цаг зав гаргадаг вэ?
Би нэг тийм хүний харц булаасан эд зүйлс хийх дуртай л даа. Бялуу хийхээс гадна энгэрийн зүүлт, шүрээр урлах, шилэн дээр зурах гэх мэт гар урлал их сонирхож хийдэг.
Цаашид хийж бүтээхийг зорьсон, төлөвлөсөн зүйл байгаа юу?
Миний бага охин ой гарантай. Охиноо гараас гараад цэцэрлэгт өгдөг болохоор ажлаа арай өөр түвшинд хийх бодолтой байгаа. Гэрийнхээ гал тогоонд биш өөр газар цагаар ажиллах нөхцөл бүрдүүлээд амттаныхаа төрлийг олон болгох илүү цэгцтэй болгоно гэсэн зорилго тавьсан байгаа.
Таны бодлоор эмэгтэй хүн хөдөлмөрч хүчирхэг байх нь юунаас шалтгаална гэж боддог вэ?
Мөрөөдөлтэй дээрээс нь жаахан шуналтай байх нь хүчирхэг хөдөлмөрч байдалд хүргэнэ гэж боддог. Жишээ нь ямар нэг зүйл хараад түүнд татагдаж байвал тэрийг худалдаж авах юмсан гэж бодохоосоо өмнө өөрөө хийе, бүтээе гэж бодох нь чухал.
Та хэнээс хамгийн их үлгэр дууриалал авдаг вэ?
Миний хувьд заавал мундаг олны танил нэр алдарт хүрсэн хүмүүсээс үлгэрлэх нь тийм ч чухал биш. Би эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хамгийн сайн чаддаг зүйл сайн зан чанаруудыг олж хараад тэндээс илүү их суралцдаг.
Ээж болохоос өмнөх Намуун одоо байгаа Намуун хоёрт ямар ялгаа байна гэж хардаг вэ?
Ээж болохоос өмнөх үеэ одоо харьцуулаад харахад ачаалал сайн даадаг болсон гэж харж байгаа. Бага насны дөрвөн жаахан хүүхдийг анхаарч халамжлах, хажуугаар нь ажлаа хийнэ, өөртөө болон гэртээ цаг зав зарцуулах шаардлагатай гээд олон зүйлсийг амжуулах шаардлагатай болдог.
Бидний ярилцлагыг уншиж байгаа ээжүүдэд, охид бүсгүйчүүдэд хандаж хэлэх зүйл бий юу?
Өөрийгөө маш сайн урамшуулаад өөрийгөө гоё авч яваарай. Бас ямар нэг зүйлийг хийхэд хэцүү эсвэл хиймээргүй санагдаж байвал тэрийгээ орхиод зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг хийж хүссэнээрээ л байгаарай гэж хэлье
Ярилцсанд баярлалаа.