А.ЗОЛБОО: Би өдөр бүр хамгийн сайнаараа хичээж ажилладаг

Дөнгөж л гуч гаруй настай хэрнээ 18 жилийн туршлагатай Урт цагаан үйлчилгээний төвд цаг засвар ажилуулдаг А.Золбоог энэ удаад онцлон ярилцлаа.  Тэрээр үйлчлүүлэгчдийнхээ “Баярлалаа” гэх үгээр урамшин, шинэ зүйлийг суралцаж яваа ажилдаа дуртай, дайчин, хөдөлмөрч эмэгтэй.  А.Золбоо цаг засварын салонтой болж, цагтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос иргэд авах боломжтой цаг засварын салонтой болохыг төлөвлөн ажиллаж буйгаа бидэнтэй хуваалцсан юм. 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

Намайг А.Золбоо гэдэг. Би  эрх зүйч мэргэжилтэй. Гэсэн хэдий ч багаасаа  цаг засах  сонирхолтой байсан учраас их сургуулиа төгссөн цагаасаа цаг засаж эхэлсэн.

Таны ээж Монгол Улсын мастер цагчин гэж сонссон. Таныг цагчин болоход ээжийнх нь нөлөө байсан уу?

Цаг засах бол миний хобби. Миний ээж Монгол Улсын мастер цагчин Б.Энхжаргал. Одоо ч гэсэн ажиллаж байгаа. Оюутан болчихоод хичээлгүй үедээ ээждээ  цагны оосор солих, цаг угаах зэргээр  тусалдаг байсан. Ээждээ тусалсаар байгаад нэг л мэдэхэд цаг засах сонирхолтой болчихсон. Тэр үед  ээжийн ажлын газар  олон  цагаан халаттай эгч нар зэрэгцэж суугаад цаг засна. Үйлчлүүлсэн хүмүүс нь талархаад инээмсэглээд гарч байхыг харах надад үнэхээр  сайхан санагдаж билээ.

Цагчинаар ажиллахад хамгийн таатай санагддаг зүйл нь юу вэ? Ажлаасаа яаж урам авдаг вэ?

Үйлчлүүлэгчид маань цагаа засуулсаныхаа дараа  “Баярлалаа” гэж  хэлэх  нь хамгийн сайхан санагддаг. Би тэдний талархсан сэтгэлээс  урам авч илүү сайн ажиллахыг хичээдэг. Бас ээжийнхээ мэргэжлийг өвлөж авсандаа баярладаг.

Цаг засварын олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байх. Магадгүй бидний ярилцлагыг уншиж байгаа хүмүүс дунд асуудалтай байгаа цагаа засуулахаар сайн цагчин хайж байгаа хүн ч байж болох юм. Хоёулаа тэдгээр хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх үүднээс ямар ямар үйлчилгээ үзүүлдэг болоод ажиллах цагийн хувиарийнхаа талаар мэдээлэл хүргэе.

Цагны бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Цагны оосор, зай солих, схемийн гэмтлийг сэргээх гэх мэт. Би өглөөний 10:30 минутаас оройны 19:00 хүртэл ажилладаг. Заримдаа үйлчлүүлэгчдийнхээ өгсөн цагийг заавал засаж дуусгах гэж суусаар их оройтноо. Гэхдээ эндээс л амьдралынхаа бас нэг  аз жаргалыг олдог./инээв/

Амьдралдаа баримтлах зарчмаас ажилдаа, үйлчлүүлэгчиддээ хандах чин сэтгэлийн хандлага гардаг шүү дээ. Та хувь хүнийхээ үүднээс амьдралд ямар зарчим баримталдаг вэ?

Би аливаа зүйлийг бүтэхгүй, болохгүй гэсэн өнцгөөс харахыг хүсдэггүй.  Энэ миний  баримталдаг хамгийн гол зарчим бол хүн үргэлж хичээж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас цаг хугацааг хэрэгтэй зүйлд зарцуулж, үр шимийг нь хүртэх хэрэгтэй шүү дээ. Ингэж чадвал аз жаргалтай байх бас нэг шалтгаан болно.

Өөртөө  тулгамдсан асуудал, бэрхшээлийг хэрхэн давж гардаг вэ?

Бэрхшээлийг өөртөө өгч байгаа сорилт гэж хүлээж авах хэрэгтэй. Мэдээж бүх зүйл амар байдаггүй. Гагцхүү  байгаагаасаа  илүү их хичээх хэрэгтэй. Хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг дээ.

Цаг засахаас өөр ямар нэг зүйлд сонирхолтой юу?

Цаг засах бол миний амьдралын нэг хэсэг  болсон. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд  өөр зүйл  хийе гэж бодож байгаагүй ээ. Харин  энэ чиглэлээрээ  илүү хөгжих зорилгоор  өөрөө төрөл бүрийн хэлбэртэй цагны нүүр шил зүсэж сурсан.

Цаашдаа хийхээр төлөвсөн зүйл байгаа юу?

Миний хамгийн их хүсч мөрөөддөг зүйл бол томоохон цагны салонтой болох. Тэнд цагтай холбоотой бүх төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Цагны төрөлд багтах бараа бүтээгдэхүүнүүдийг өргөн сонголттойгоор үйлчлүүлэгчиддээ санал болгодог байхыг хүсдэг. Бас үйлчлүүлэгчдээ үргэлж сэтгэл ханамжаар дүүрэн байлгана гэж боддог. Тиймдээ ч би өдөр бүр хамгийн сайнаараа хичээж ажилладаг.

Ярилцсанд баярлалаа.
 
 
 
 
 

38 СЭТГЭГДЭЛ