Хууль бусаар үнэтэй автомашинууд "бэлэглэсэн", худалдаж авсан асуудалд ЗТХЯ-наас хариулт өгөхөөр бэлдэж байна

"ЭРЭЛ" ЭРЭН СУРВАЛЖИЛСАН НЭВТРҮҮЛЭГ ҮЗЭХ: 

Энэ удаагийн дугаарт хэргийн эзэн хэнгэрэгийн дохиураар хэнийг зарлаж, харин хэн уснаас цэвэрхэн гарах бол. Энэ асуудлыг хөндөх болно. Учир нь Одоогоос 7 жилийн өмнө буюу 2013 онд Хөшигийн  хөндийн шинэ нисэх онгоцны буудал барих төслийг хэрэгжүүлэгч монгол дахь талаас 723 сая төгрөгөөр нэг ширхэг ланд круйзер автомашиныг худалдаж авсныг ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА О.ТЭНГИС өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр мэдээлсэн. 2013 онд 130 сая төгрөгийн үнэтэй байсан тус машиныг даруй 5 дахин өндөр үнээр худалдан авсан нь ил болсноор тус төслийн эргэн тойрон дэх асуудлууд олны анхаарлыг татаж эхэлсэн. Харин өнөөдрийг хүртэл холбогдох байгууллагууд ам нээхгүй гүрийж байгаа нь цаанаа бас учиртай юм байна.

ЗТХЯ-наас энэ талаар тайлбар хүсэж хандсан боловч тэр бүрт бултаж зугтсан хариултыг өгсөөр байсан. Хамгийн сүүлд хандахад 11 дүгээр сарын эхээр хэт үнэтэй автомашинуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн юм. Сар гаруйтай хугацаа өнгөрөхөд өөрсдийн зүгээс нэг ч тайлбар хэлээгүй ЗТХЯ дотроо бол бужигнаж байгаа. Тэр бужигнаан бурууг хэнд тохох вэ гэдэг бужигнаан ч байж болзошгүй. Өөрөөр хэлбэл хэнийг шаварт хутгаж харин хэн нь уснаас цэвэр гарах вэ гэдэг зохиол бичигдэж байгаа бөгөөд бид жүжгийг ирэх сарын ихээр үзэх боломжтой болох нь.

 
 "БЭЛЭГНИЙ" МАШИНУУД ХААНА ЯВНА???

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  349 дүгээр тогтоолоор яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх автомашинуудын хэрэглээг нарийн заагаад өгчихсөн байдаг. Тэгвэл тус тогтоолд төслийн нэгжийн захиралыг туулах чадвар сайтай, шатахуун зарцуулалт ихтэй, туслан гүйцэтгэгч компанийн жийп машинаар хангана гэдэг заалт байдаггүй атал Н.Энхбат захирал төслийн 5602 УНҮ дугаартай ланд круйзер 200-г хувьдаа унадж байгаа. Мөн дээрх байгууллагуудын эрх дархтаны унах унаанд Төрийн өмчийн хороо хяналт тавин ажиллах үүрэгтэй. Гэвч Төрийн өмчийн хороо тус тогтоолыг мэддэггүй дээ юу эсвэл мэдсэн ч эрх дархтанаа хамгаалах нь чухал гэж бодсон уу тус асуудлыг байх л зүйл гэж хариулсан юм. Энэ мэтчилэн хяналт тавих ёстой байгууллага нь хяналтаа тавьж чадахгүй. Мөн шалгах ёстой АТГ нь шалгаж байгаа гэх үгээр ам хааж, таг чимээгүй байдаг байдал нь албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг бий болгох, буцаад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх олон хэргүүд гарах нөхцөл нь болж байгаа юм. АТГ угтаа эрх мэдэлтэн, албан тушаалтны албан тушаалаа урвуулан ашиглаж буй авлигал албан тушаалын хэргийг шалгах зорилгоор байгуулагдсан ч өдгөө цагаан захтнуудыг хамгаалдаг байгууллага болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Тус газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах комиссар Энхбаатар эрх мэдэлтэний холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаарх мэдээлийн нуун дарагдуулж, олон нийтэд мэдээллэхээс эрс татгалздаг. Мөн тодруулга, тайлбар авах гээд очих бүрт ажлын байрандаа байдаггүй гэх мэт шалтгаанаар тус газарт шалгагдаж байгаа цагаан захтнуудын хэрэг ор сураггүй мартагдахад хүрээд байна. Угтаа бол нээлттэй ажиллах ёстой байгууллага нь хаалгаа тас хаачихаад хаалганы цаана эрх мэдэлтнүүдийг хамгаалж суудаг байж болзошгүй байна.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөлтэй холбоотой үнэтэй автомашин худалдаж  авсан хэргийг Үндэсний аудитын газар, Сангийн яам, АТГ-уудад шалгаж байгаа. Шалгасаар л байгаа. Гэхдээ тэд хэрхэн яаж шалгаж байгаагаа олон нийтэд нээлттэй мэдээлж чадахгүй байгаа байдал нь тэд ч мөн хэнийг шаварт хутгаж, хэнийг уснаас хуурай гаргах вэ гэдэг зохиолыг хамтран бичилцээд байна уу гэх хардлагыг төрүүлэх нэг үндэслэл болж байна.

 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхөөр тусгай тоноглолоор тоноглосон автомашиныг хувийн компанийн захирал согтуугаар унаж яваад, саатуулагджээ. Учир явдлыг энд тайлбарлая.
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 6 ширхэг "Ланд круйзер 200" маркийн автомашин, 5 ширхэг “TOYOTA HIACE” маркийн автомашиныг худалдан авсан байдаг. Эдгээр "Ланд круйзер 200" маркийн автомашинаас ЗТХЯ нэг ширхэгийг,  "Монголын төмөр зам" ТӨХК-нд нэг ширхэгийг өгсөн бол "Тoyota HIACE" маркийн авто машинаас  Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, АТҮТ-д тус бүр нэг нэгийг өгсөн байгаа юм. Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт бэлэглэсэн тусгай тоноглолтой 5610 УНҮ улсын дугаартай “Тоёота хиасэ” маркийн автомашиныг хувийн компанийн гүйцэтгэх захирал ажилтай Э нь согтуугаар жолоодож яваад саатуулагдсан хэрэг 2020.05.02-ны өдөр гарчээ.
 
Б.ЭНХ-АМГАЛАНГИЙН "ХОЁР НҮҮР"

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөлд аудит оруулахыг шаардаж, тус төслийг хурдан хугацаанд барьж дуусгахыг шаардан, сөрөг хүчин шиг л шүүмжилж явсан хүн бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байлаа.

Тэрээр ийнхүү шударгын дүрд сайн тоглосныхоо үр дүнд ЗТХ-ийн сайд болмогцоо нүүрээ буруулж, нөөц ашигаа бодож эхэлсэн. Тэр ч бүү хэл төслийн хөрөнгийг  баруун солгойгүй бэлэглэжээ. Тодруулбал 2019 онд ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байх үед Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт 67 сая 900 мянгаар үнэглэгдэх автомашиныг тусгай тоноглолоор тоноглож бэлэглэсэн байгаа юм. Тэгвэл тус автомашиныг өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт огт хэрэглэдэггүй аж.

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид 168 сая 910 мянгаар үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг мөн л шилжүүлэн өгсөн байгаа юм. “МТЗ” ТӨХК нь Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөлтэй ямар нэгэн хамааралгүй субьект. Гэтэл Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, төрийн өмчит байгууллага өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн 22.9.1.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болно гэдгийг хуульчид хэлж байна. Түүнчлэн “МТЗ” ТӨХК нь өмнө Гашуунсухайтын 287 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх явцад одоогийн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си Энд Ти” корпорацийн Монгол дахь компани “Эс Си Ти И Си Эм” ХХК-ыг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулж, эцэст нь 280 сая ам.доллараар залилуулсан байдаг. Гэтэл ийнхүү автомашин шилжүүлж өгсөн энэ үйлдэлд эртний холбоо, сүлбээ, өгөө, авааны нөлөө байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Авто тээврийн үндэсний төвд 67.2 сая төгрөгийн үнэтэй “Тоёота Хиасэ” маркийн 56-16 УНҮ улсын дугаартай машиныг шилжүүлэн өгсөн. ЗТХЯ 140 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг ч төслөөс шилжүүлэн авсан байдаг. Гэтэл эдгээр үйлдлүүддээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийх тайлбар олдохгүй байгаа бололтой. Ирэх сарын эхээр эдгээр автомашинуудтай холбоотой албан ёсны тайлбарыг хамтран ажилладаг хэвлэлийнхнээрээ дамжуулан мэдээлнэ гэлээ. Нэгдсэн журмаар үнэнийг нуун дарагдуулсан байж болзошгүй мэдээллийг хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хүртэл автомашины асуудлаар ам нээх албан тушаалтан тус яаманд одоогоор алга байна. Нөгөөтэйгүүр ашиглалтад орох болоогүй онгоцны буудалд олон тооны үнэтэй авто машиныг яаран авах шаардлага байсан эсэх нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцэст нь хэлэхэд  төрийн мөнгөөр авсан эдгээр хөрөнгүүд эрх мэдэлтнүүдийн дунд үрэгдээд, шамшигдаад дуусах цагт төлөөсийг нь гэм зэмгүй иргэд төлөх нь  эмзэглэхгүй байхын аргагүй асуудал юм. Ард түмний мөнгөөр эргэн төлөгдөх урт хугацааны зээлийг үр дүнгүй шамшигдуулсан эдгээр үйлдэлд үе үеийн Ерөнхий сайд болоод зам, тээврийн сайдуудаас хариуцлага нэхэж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...