BTS хамтлаг IPO хийж, бүх гишүүдээ долларын саятан, продюсерээ тэрбумтан болгоно

 Тодруулбал Дэлхий дахинд алдаршаад байгаа Өмнөд Солонгосын BTS хамтлагийн харьяалагддаг Big Hit Entertainment компани тус улсын хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болжээ.

Тус компани Даваа гарагт хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна. Энэхүү баримтаас харвал Big Hit Entertainment өөрийгөө 4.8 их наяд воноор ($4.1 тэрбум) үнэлж, 962.55 сая воны ($822 сая) хөрөнгө босгохоор төлөвлөжээ. Ингэснээр BTS-ийн долоон гишүүн тус бүр $7.9 саяын хөрөнгөтэй болох тооцоо гарсан байна.

2017 оны долдугаар сараас хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд ийм том IPO гараагүйг эх сурвалжууд баталж байна.

BTS хамтлаг нь Өрнөдийн хөгжмийн зах зээлд нэвтэрч чадсан цөөхөн K-pop уран бүтээлчдийн нэг болоод байгаа. Өнгөрсөн онд BTS-ийн гурван цомог Billboard 200 жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь сүүлийн 50 жилийн хугацаанд The Beatles, The Monkees хамтлагуудаас гадна гурав дахь тохиолдол болжээ.

2019 онд Big Hit Entertainment компани 587.2 тэрбум воны ($500 сая) орлого олсноос 98.7 тэрбум вон ($84 сая) нь цэвэр ашиг болсон байна. Энэ орлогын 97 хувийг BTS хамтлаг оруулжээ. Big Hit Entertainment нь BTS хамтлагтай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээтэй юм.