ОХУ-д Коронавирусийн тохиолдол огцом нэмэгдлээ

    ОХУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тархалт буурахгүй байна. Москва хотын захирагч 5000 орчим компанид ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах чиглэл өгснийг “Риа Новости” агентлаг мэдээллээ. Москвад “COVID-19”-ийн халдварын тохиолдол сүүлийн 24 цагт 1000 гаруйгаар буюу зургаадугаар сараас хойш байгаагүйгээр огцом нэмэгджээ.

Ингэснээр ОХУ-д Коронавирусийн батлагдсан тохиолдол 1,128,836 болж хамгийн их тархалттай улсын дөрөвт жагсаж байна. Тус улсад одоогоор 19 мянга 900 гаруй хүн Коронавирусийн улмаас амь насаа алдаад байгаа юм.

Харин Япон улсад Коронавирусийн тохиолдол буурч байгаатай холбоотойгоох ирэх сараас гадаадын иргэдэд хилээ нээхээр төлөвлөж байгаа юм. Өдөрт 1000 орчим гадаадын иргэн хүлээн авах ч жуулчид хамаарахгүй юм байна.

“Novavax” Их Британид явуулж буй вакцины сүүлийн шатны туршилтдаа 10 мянга орчим хүн оролцуулахаар төлөвлөж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн хэмжээнд “AstraZeneca”, “Pfizer”, “BioNTech”, “Moderna” тэргүүтэй компаниудын нийт 38 вакцины туршилт хүн дээр хийгдэж байгаа ажээ. Мөн 140 гаруй вакцины туршилт эхний шатандаа явж байгаа юм байна.

Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдвар авсан 32.4 сая, эндсэн хүний тоо нэг сая дөхөж байна. Харин эдгэрсэн хүний тоо 23.9 сая давсан бол 63 мянган хүний биеийн байдал хүнд байгаа ажээ.

39 СЭТГЭГДЭЛ