Тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн захирал ШОУДАХДАА УНАДАГ УУ?

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхөөр тусгай тоноглолоор тоноглосон автомашиныг хувийн компанийн захирал согтуугаар унаж яваад, саатуулагдсан байгаа юм. Учир явдлыг сийрүүлвэл: Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 6 ширхэг ланд круйзер 200 маркийн автомашин, 5 ширхэг “TOYOTA HIACE” маркийн автомашиныг худалдан авсан байдаг. Эдгээр Ланд круйзер 200 маркийн автомашинаас ЗТХЯ нэг ширхэгийг,  Монголын төмөр зам ТӨХК-нд нэг ширхэгийг өгсөн бол Тoyota HIACE маркийн авто машинаас  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар, АТҮТ-д тус бүр нэг нэгийг өгсөн байгаа юм.
Тэгвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газарт бэлэглэсэн тусгай тоноглолтой автомашиныг хувийн компанийн гүйцэтгэх захирлын ажилтай байж болзошгүй Э согтуугаар жолоодож яваад саатуулагдсан байа. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй тус үйлдэлд ЗТХЯ-наас тайлбар авахаар удаа дараа хандсан ч хэн хэнийгээ чимээгүй бай гэдэг үүргийг өгчихсөн байгаа учир машины асуудлаар тайлбар хийх албан тушаалтан алга.

Харин тус төслийн хүрээнд авсан автомашиныг яагаад өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан талаар холбогдох байгууллагаас тодрууллаа. 5610 УНҮ улсын дугаартай “Тоёота хиасэ” маркийн автомашиныг нэр дээрээ шилжүүлж авсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар чухам хаанаас автомашин авснаа ч мэдэхгүй байна. Тэд хэлэхдээ 2016 онд зохион байгуулагдсан АСЕМ-ын орнуудын Дээд хэмжээний чуулга уулзалтын дараа тухайн уулзалтад зориулж авсан автомашинуудаас үлдсэнийг нь хувиарласан гэж ойлгож явснаа учирлаж байсан юм.


ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Яг тэр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслөөс манайд өгсөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан анх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад 2019 оны 12 сарын 3-нд Зам, тээврийн хөгжлийн яамнаас манайд "Toyota HIACE"  маркын авто машиныг хүлээлгэн өгсөн байгаа. Хүлээлгэн өгөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэд буюу тэргэнцэртэй хүмүүст зориулж, тусгай тоноглолыг хийсэн. Бид хүлээн авахдаа “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллагынхаа гишүүдтэй очиж тоноглол, тэргэнцэр зөөх лифт нь хэрхэн ажиллаж байгаа талаар үзлэг шалгалт хийж хүлээж авсан ийм машин байгаа.

ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан ажиллаж байх үед Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт 67 сая 900 мянгаар үнэглэгдэх автомашиныг тусгай тоноглолоор тоноглож бэлэглэсэн байгаа юм. Тэгвэл тус автомашиныг өнөөдрийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт огт хэрэглэдэггүй гэж байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Зам, тээврийн яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн. Гэхдээ яг хэрэгцээ шаардлагын хувьд манай сонсголонд нээгдсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” дээр энэхүү машиныг ашиглаж байгаа.



Төслийн машиныг ЗТХЯ-аас бэлэглэж, бэлэглэсэн машиныг нь өөр байгууллага хэрэглэж байгаа дээр нэмээд анхаарал татхуйц нэг асуудал байна. Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр байдаг 5610 УНҮ улсын дугаартай “Тоёота Хиаси” маркийн авто машиныг нэгэн хувийн компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байж болзошгүй иргэн Э нь 2020.05.02-ны өдөр согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсан байна.



Иргэн Э нь тус газарт ажилладаггүй бөгөөд тус машин нь ч энгийн иргэн согтуугаар унахад бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөхөөр тусгай тоноглол хийсэн машин гэдгийг дахин сануулах нь зүйтэй байх.

 
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Б.ХУРЦЭЦЭГ: Манайх агентлагийн хувьд нийт 35 албан хаагчтай. Яг одоогийн байдлаар Хүнийхүү овогтой Энхболд гэдэг хүн манайд ажилладаггүй. Энийг  албан ёсоор мэдэгдье.
 
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид 168 сая 910 мянгаар үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг мөн л шилжүүлэн өгсөн байгаа юм. “МТЗ” ТӨХК нь Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төсөлтэй ямар нэгэн хамааралгүй субьект. Гэтэл Хөшигийн хөндийн нисэх буудал барих төслийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, төрийн өмчит байгууллага өөрийн нэр дээр шилжүүлж авсан нь Эрүүгийн хуулийн 22.9.1.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болно гэдгийг хуульчид хэлж байна.

Түүнчлэн “МТЗ” ТӨХК нь өмнө Гашуунсухайтын 287 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх явцад одоогийн Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал барих төслийн ерөнхий туслан гүйцэтгэгч “Самсунг Си Энд Ти” корпорацийн Монгол дахь компани “Эс Си Ти И Си Эм” ХХК-ыг ерөнхий гүйцэтгэгчээр ажиллуулж, эцэст нь 280 сая ам.доллараар залилуулсан байдаг. Гэтэл ийнхүү автомашин шилжүүлж өгсөн энэ үйлдэлд эртний холбоо, сүлбээ, өгөө, авааны нөлөө байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Төслийн мөнгөөр асван энэхүү аютомашиныг “МТЗ” ТӨХК-ийн нэр дээр бүртгүүлэн авсан үйлдэлд тус компаниас дараах тайлбарыг өгч байна.  



“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН АЖ АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ ДАРГА С.ОТГОНЖАРГАЛ: 2020 оны  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гэж хүн манайд энэ машиныг төсөлд зориулж шилжүүлэх заавар гарсан. Энийг үндэслээд хууль дүрмийн дагуу шилжүүлж өгөө гэсэн учир Төрийн өмчийн дарга Б.Цэнгэл 2020 оны долдугаар сарын 24-нд тогтоол гаргаад хөрөнгийг шилжүүлье гэсэн байдаг. Манайх бол энийг мөнгө төгрөгөөр худалдаж авсан юм бол байхгүй.


Авто тээврийн үндэсний төвд 67.2 сая төгрөгийн үнэтэй “Тоёота Хиасэ” маркийн 56-16 УНҮ улсын дугаартай машиныг шилжүүлэн өгсөн. ЗТХЯ 140 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх “Ланд круйзер 200” маркийн автомашиныг ч төслөөс шилжүүлэн авсан байдаг. Гэтэл эдгээр үйлдлүүддээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийх тайлбар олдохгүй байгаа бололтой. Ирэх сарын эхээр эдгээр автомашинуудтай холбоотой албан ёсны тайлбарыг хамтран ажилладаг хэвлэлийнхнээрээ дамжуулан мэдээлнэ гэлээ. Нэгдсэн журмаар үнэнийг нуун дарагдуулсан байж болзошгүй мэдээллийг хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хүртэл автомашины асуудлаар ам нээх албан тушаалтан тус яаманд одоогоор алга байна.

Нөгөөтэйгүүр ашиглалтад орох болоогүй онгоцны буудалд олон тооны үнэтэй авто машиныг яаран авах шаардлага байсан эсэх нь ч эргэлзээ төрүүлж байна. Эцэст нь хэлэхэд  төрийн мөнгөөр авсан эдгээр хөрөнгүүд эрх мэдэлтнүүдийн дунд үрэгдээд, шамшигдаад дуусах цагт төлөөсийг нь гэм зэмгүй иргэд төлөх нь  эмзэглэхгүй байхын аргагүй асуудал юм.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...