ДУУЧИН Г.ЭНХЦЭЦЭГ: Монгол эрчүүдээ “Жавхлант минь” дуу шиг байгаасай гэж хүсдэг

ДУУЧИН Г.ЭНХЦЭЦЭГ: Монгол эрчүүдээ “Жавхлант минь” дууны дүр шиг байгаасай гэж хүсдэг

“Жавхлант минь” дуугаараа олонд танигдаж яваа залуу уран бүтээлч, дуучин Г. Энхцэцэгтэй ярилцлаа. Тэрээр арав гаруй уран бүтээлийг дуунд дуртай ард түмэндээ өргөн барьжээ. “Үзэгчдийн алга ташилт, сайшаалын үгэнд урамшдаг” хэмээн ярих дуучин бүсгүй өөрийн цомогтой болох, бие даасан тоглолтоо хийх ойрын зорилготой байгаагаа ярих үеэр нүдэнд нь итгэлийг цог бадарч байсан юм. Даруухан хэрнээ жавхаалаг дуучин бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа уншигчиддаа хүргэе. 

Таны дууг сонсохдоо ийм үзэсгэлэнтэй бүсгүйтэй танилцах юмсан гэсэн нууцхан бодол тээж явдаг сонсогчид байдаг байх. Одоогийн хэллэгээр “краш”-уудад нь зориулаад “Өөрийгөө танилцуулна уу” гэх уламжлалт асуултаар яриагаа эхлэе.

Би Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 2013 онд СУИС-ийн уртын дуулаачийн ангийг төгсөж, ажлын гараагаа Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театраас эхлүүлж байлаа. Цэцэрлэгт байхаасаа л дуулах сонирхолтой хүүхэд байсан. Ер нь урлагтай их ойр өссөн.

Тэр болгон хүмүүс уртын дууг дуулж чаддаггүй шүү дээ. Танай удамд урлагийн хүн байдаг уу?

Өвөө маань уртын дуу сайхан дуулчихдаг хүн байсан, эмээ маань ч дуу сайхан дуулдаг хүн байсан гэж ярьдаг.  Тэр хоёрын минь авьяас удамшиж ирсэн  юм болов уу. Би нэг хэлбэрт баригдалгүй уран бүтээлээ гаргахыг бодож явдаг даа. 

Уран бүтээл дундаас тань хамгийн хайртай дуугаа нэрлэнэ үү?

Өөрийн бүхий л уран бүтээлдээ хайртай. Тэр дундаас хамгийн олон хүний оролцоо, туслалцаатай бүтсэн дуу нь “Жавхлант минь” дуу юм. Дуунд гүндүүгүй монгол эрийг магтан дуулдаг. Монгол эрчүүдээ “Жавхлант минь” дуу шиг байгаасай гэж хүсдэг. Энэ дуу маань үзэгчдэд их хүрсэнээс гадна зардал их гарсан. Ер нь залуу уран бүтээлчдийн хамгийн том бэрхшээл мөнгө санхүүгийн асуудал байдаг юм байна.

Таны анхны уран бүтээлээ хэнд зориулж гаргаж байсан бэ?

Анхны уран бүтээлээ ээждээ зориулж гаргаж байсан. Клипэнд нь ээжийгээ тоглуулсан болохоор дараа нь үзэхэд сайхан байдаг даа. “Ижий таньдаа” дуугаа үзэгчдэд хүргэхэд урмын үг их ирдэг байсан. Өөрийн чинь дууг дуулмаар байна ч гэж байсан. Тэгээд урамшаад дараа дараагийнхаа уран бүтээлд ханцуй шамлан орсон доо. Түүнээс хойш арав гаруй уран бүтээл гаргаад байна.

Таны хувьд үргэлж хүндэлж, биширч, үлгэр дуурайлал авдаг хүмүүс байдаг байх? Ямар хүмүүсээс урам, зориг авдаг вэ?

Би уртын дууны багш, ардын жүжигчин А.Нэргүй, МУГЖ Ч.Чулуунэцэг , С.Цогтсайхан гээд олон сайхан багш нараасаа үлгэр дууриалал авахыг хичээдэг дээ. 

Дуунаасаа ямар мэдрэмж авдаг вэ?

Тайзан дээр гараад дуулна гэдэг бол миний хувьд хамгийн гоё азжаргал. Тэр дундаа үзэгчдээс алга ташилт, дууг маань дагаад дуулах нь хамгийн гоё мэдрэмж байдаг.  Нэг ч
хүн гэсэн  миний дууг мэдээд дагаад дуулна гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг.

Таны бодлоор урлагийн хүн ямар байх ёстой вэ?

Миний бодлоор урлагийн хүн биеэ зөв авч явахаас эхлээд наад зах нь зөв үлгэр дууриаллыг үзүүлэх ёстой юм болов уу?
 
Таньд дуулахаас өөр авьяас бий юу?

Би багаасаа спортод хайртай хүүхэд байсан. Тэр дундаа сагс, волейбол тоглох сонирхолтой. Орон нутгийн тэмцээн уралдаанд сургуулиа төлөөлөн их ордог байлаа. Одоо ч гэсэн чөлөөт цагаараа тоглохыг хичээдэг. 

Таньд хэзээ ч мартагддаггүй нандин дурсамжаасаа хуваалцаач.

Цэцэрлэгийн насны дунд явуулсан ардын дууны уралдаанд "Хонгор морь" гэдэг дуугаар оролцож байсан. Аян яваад эхэлчихээд байхад дуулахгүй, гараараа оролдоод зогсоод л байсан гэсэн. Урдаас аав ээж, тайзны хажуунаас багш минь "Миний охин дуулаарай" гээд чихэр хүртэл өгсөн. Би тоох ч үгүй чихрээ задлаад идээд зогсоод байсан юм даг. Энэ дурсамж маань санаанаас ердөө гардаггүй юм. (инээв)

Ярилцсанд баярлалаа
 

81 СЭТГЭГДЭЛ