Наймдугаар сарын байдлаар улсын төсөвт 6.1 их наяд төгрөг төвлөрчээ

Үндэсний Статистикийн хорооноос Монгол улсын эдийн засаг, нийгэмд COVID-19 цар тахлын нөлөөллийн талаарх 2020 оны эхний 8 сарын төлөв байдлыг танилцууллаа.

    Улсын төсвийн 2020 оны орлогыг хэт өөдрөг төсөөлж, төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагтай баталсан нь цар тахлаас шалтгаалан эдийн засаг тодорхой бус байдалд байгаа энэ үед улсын төсвийг хүнд байдалд оруулж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 2019 оны батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөгт хүргэхээр төсөөлсөн. Гэсэн ч энэ оны эхний 8 сарын байдлаар улсын төсөвт 6.1 их наяд төгрөг төвлөрөөд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс  20.9%-иар бага байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2020 оны эхний 8 сард 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (17.1%) их наяд төгрөгөөр буурсан байна.  Харин төсвийн 2020 оны нийт зарлагыг 2019 оны батлагдсан дүнгээс 2.3 их наяд төгрөгөөр өсгөн 13.9 их наяд төгрөг байхаар баталсан.

 Энэ оны эхний 8 сарын байдлаар нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (32.1%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болж, ДНБ-ий 13.1 хувьтай тэнцэж байна

Улсын төсвийн нийт алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцоолсон бол энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.2 их наяд төгрөг болж, ДНБ-ий 13.1 хувьтай тэнцэж байна. Харин энэ оны эхний 8 сарын байдлаар төсвийн тэнцлийн алдагдал 2.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Улсын нэгдсэн төсвийн орлого буурсан нь орлогын 84.8 хувийг бүрдүүлдэг татварын орлого буурсантай холбоотой.

43 СЭТГЭГДЭЛ