АТГ авлигачдыг хамгаалж, Төрийн өмчийн хороо ЗГ-ын тогтоолыг уландаа гишгэж байна

АТГ гэх сүржин нэртэй ч урдах ажил нь гараас нь гардаггүй, эрх мэдэлтний холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг нуун дардагаас үүдэн цагаан захтнуудын хэрэг хэрээс хэтэрлээ.
 
Тодруулбал, Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд зах зээлийн үнээс 3-8 дахин өндөр үнээр автомашин худалдан авч, төслийн захирал Н.Энхбат нь тус төслийн туслан гүйцэтгэгч компанийн нэр дээр байдаг “Ланд круйзер 200” маркийн автомашиныг хувьдаа унах нь АТГ-т шалгагдах, хуулийн дагуу харицлага хүлээх нэг үндэслэл боловч харамсалтай нь тус газраас өнөөг хүртэл чимээгүй байсаар. 

Гэвч 13 жилийн турш монголчуудыг хүлээлгэж байгаа Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтанд орохгүй байх нэг шалтгаан бол эрх мэдэлтэн, дарга нарын хувийн эрх ашиг, шуналаас болсон байж болзошгүй үйлдлүүд баримтаар нотлогдсоор байна. Бид өмнөх мэдээллээр 1 тэрбум хол давсан үнэтэй автомашинуудын жагсаалтыг танилцуулж бодит байдлыг баримтаар баталгаажуулан ил болгон мэдээлсэн. Тэгвэл тус төслийн захирал Н.Энхбат нь Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих төслийн туслан гүйцэтгэгч компани болох “ЭС СИ ТИ И СИ ЭМ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй "Ланд круйзер 200" маркийн автомашиныг хувьдаа унаж хэрэглэдэг байгаа юм. Угтаа бол төслийн захирал Н.Энхбат туслан гүйцэтгэгч компанийн нэр дээрх машиныг хувьдаа унах нь бүү хэл шууд харилцах ёсгүй субъект юм. Үүнийгээ ч өөрөө хэлж байсан удаатай.

ТӨСЛИЙН ЗАХИРАЛ Н.ЭНХБАТ: 
Манайх Мицибүши Чиёодатай гэрээ хийчихээр тэднийх доороо туслан гүйцэтгэгч гээд баахан компани авна шүү дээ. Тэд нарын нэг нь наад Самсунг чинь. Тэгэхээр тэд нар хоорондоо ямар гэрээтэй, юу хийж явсаныг би бол мэдэхгүй.

Төслийн захирал нь туслан гүйцэтгэгч компанитай харицах боломжгүйг өөрөө хэлчихсэн хэрнээ “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 169 сая төгрөгийн үнэтэй "Ланд круйзер 200" маркийн автомашиныг унаж байгаа нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байгааг хуулийн зүгээс ийнхүү тайлбарлаж байна.

ХУУЛЬЧ Г.БАТБАЯР: 
Ер нь  зургаан субьектийн нэр дээр тухайн  төслийн хүрээнд хэрэгжиж байгаа үйл ажилгааны мөнгөөр авсан эд хөрөнгийг "Монголын төмөр зам" тухайн Хөшигтийн хөндийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй, төрийн өмчит байгууллагууд өөрийн нэр дээр байлгаж буй нь Эрүүгийн хуулийн 22.9.1.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах төрийн өмч төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн  энэ үйлдэлд орно. Тухайн Хөшигтийн хөндийг барих мөнгийг Японы тал буюу Мицибүши гаргасан байж болох боловч тэр Мицибүши корпорацитай туслан гүйцэтгэгчээр  орж байгаа "Самсунг Си Энд Ти" тухайн компаниудын нэр дээр ашиглагдах эд хөрөнгүүдийг авах байдлаар хийнэ үү гэхээс  захиалагч талын  нэр дээр эдгээр эд хөрөнгүүд байгаа нь гэрээнд юу гэж тусгагдсан юм. Мөн төрийн байгууллагын нэр дээр гадны байгууллагуудын буцаан төлөгдөх  төсвийн өмч хөрөнгө байгаа нь ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухайн хуулийг зөрчих, мөн авлигал тэмцэх тухай хуулийг зөрчих нөхцөл байдлуудыг үүсгэнэ. Энэ салбар хуулийг зөрчиж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн  дээр дурдсан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 22.1-т мөн 8.1-т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, төрийн өмч төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэнд хамаарна. Энэ зүйл ангийн объектийн шинжийг хамарч байгааг сайн нийцүүлэн шалгах нь зүйтэй. Гэхдээ гадаад улсын байгууллагын мөнгөөр төрийн байгууллагын нэр дээр өмч хөрөнгө бий болгож байгаа нь зохимжтой бус ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг үүсгэж байна.  

 
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн  349 дүгээр тогтоолоор яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх автомашинуудын хэрэглээг нарийн заагаад өгчихсөн байдаг.

Тэгвэл тус тогтоолд төслийн нэгжийн захиралыг туулах чадвар сайтай, шатахуун зарцуулалт ихтэй, туслан гүйцэтгэгч компанийн жийп машинаар хангах нь байтугай ямар нэгэн машинаар хангана гэдэг заалт байдаггүй. Мөн дээрх байгууллагуудын эрх дархтаны унах унаанд Төрийн өмчийн хороо хяналт тавин ажиллах үүрэгтэй. Гэвч Төрийн өмчийн хороо тус тогтоолыг мэддэггүй дээ юу эсвэл мэдсэн ч эрх дархтанаа хамгаалах нь чухал гэж бодсон уу тус асуудлыг "БАЙХ Л ЗҮЙЛ" гэж хариулсан юм. Энэ мэтчилэн хяналт тавих ёстой байгууллага нь хяналтаа тавьж чадахгүй. Мөн шалгах ёстой АТГ нь шалгадаггүй байдал нь албан тушаалаа урвуулан ашиглаж хувьдаа их хэмжээний ашиг бий болгох, буцаад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх олон хэргүүд гарах нөхцөл нь болж байгаа юм. АТГ угтаа эрх мэдэлтэн, албан тушаалтны албан тушаалаа урвуулан ашиглаж буй авлигал, албан тушаалын хэргийг шалгах зорилгоор байгуулагдсан ч өдгөө цагаан захтнуудыг хамгаалдаг байгууллага болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Тус газрын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах комиссар Н.Энхбаатар эрх мэдэлтэний холбогдон шалгагдаж байгаа хэргийн талаарх мэдээлийн нуун дарагдуулж, олон нийтэд мэдээллэхээс эрс татгалздаг. Энэ мэт үйлдлээс нээлттэй ажиллах ёстой байгууллага нь хаалгаа тас хаачихаад хаалганы цаана эрх мэдэлтнүүдийг хамгаалж суудаг байж болзошгүй гэж хардахад хүргэж байгаа юм. 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...