ОХУ: БНСУ-тай агаарын хилээ нээлээ

    ОХУ-ын Засгийн газар өчигдөр Беларусь, Казахстан, Киргизстан болон Өмнөд Солонгостой агаарын хилээ нээх болсон талаар мэдэгдлээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр Москва дээрхи дөрвөн орны Засгийн газруудтай тохиролцсоны үндсэн дээр “COVID-19”-ийн улмаас иргэдийн харилцан нэвтрэх урсгалд тогтоогоод байсан хоригийг цуцалж байгаа аж.

Ингэснээр ОХУ энэ сарын 21-ээс Нур-Султан, Бишкек болон Минскийн чиглэлд иргэний агаарын тээврийн нислэгийг сэргээх бол есдүгээр сарын 27-ноос эхлэн Сөүлийн чиглэлд тус бүр долоо хоногт нэг нислэг үйлдэх талаар мэдээлсэн юм. ОХУ-ын эрх баригчид өнгөрөгч гуравдугаар сард коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхийн бүх орнуудтай агаарын хилээ хааж, зөвхөн гадаадад гацсан өөрийн орны иргэдийг эх оронд нь буцаах тусгай үүргийн нислэг үйлдэх болсон. Харин өнгөрөгч наймдугаар сарын нэгэнд Их Британи, Турк болон Танзани улсуудтай агаарын хилээ нээсэн бол наймдугаар сарын 15-нд Швейцар улстай харилцан нислэг үйлдэж эхэлсэн.   

Гэхдээ одоогоор зөвхөн агаарын хилээ нээсэн ОХУ-ын визтэй иргэдийг өөрийн улсдаа чөлөөтэй нэвтрүүлж байгаа юм. Тиймээс гадаадад гацсан Монгол Улсын иргэдийн хувьд хойд хөршөөр дамжин эх орондоо ирэх боломжгүй.

0 СЭТГЭГДЭЛ