Ц.АЛДАРМАА: Эцгийнхээ нэрийг дуудуулаад, тоонд зогсч байх мэдрэмж үнэхээр гутамшигтай


    Жүжигчин мэргэжилтэй амьдралаа холбосон шалтгаан тань яг юу байсан бэ?

Би ээж ааваасаа дөрвүүлээ л дээ. Айлын бага учраас их эрх, хөдөлгөөнтэй охин байлаа. Багаасаа л сургууль дээр болдог урлаг соёлын арга хэмжээнд их идэвхитэй оролцдог байсан. Гэхдээ бага байхдаа их эршүүд охин байсан юм. Голдуу эрэгтэй найзуудтай, одоо ч тийм л дээ. Тэгээд ээж маань намайг эмэгтэйлэг бай, охидуудтай найзла гээд загварын дамжаанд хүртэл явуулсан юм. Топ модель, том Цолмонгийн шавь болж байлаа. Багш маань надад их сайн. “Энэ хүүхэд модель болох хүүхэд” гэдэг байсан ч харамсалтай нь би загвараараа олон жил яваагүй л дээ. Ингээд, 6, 7-р ангид байхдаа нэг удаа сонгуулийн сурталчилгаанд явж үзэв ээ. Тэгэхэд анх тайзан дээр гарсан юм. Их гоё, сонин мэдрэмж төрж, тэндээс л анх жүжигчин болох мөрөөдөлтэй болсон доо. Кино их үзнэ, тэнд гарч байгаа жүжигчдийг дууриагаад л тольны өмнө эргэлдээстэй /инээв/.  Аравдугаар ангиа төгсөх үед минь мэргэжил маань бараг тодорхой болчихсон байсан л даа. Уг нь надад нисэхэд ажилд орооч гээд санал ирчихсэн байсан юм. Гэтэл би чинь өөрөө өөр мөрөөдөлтэй болчихсон байсан үе. Ээж минь намайг СУИС-д жүжигчний ангид шалгалт өгөөд үзээч гэж урам өгөөд, бушуухан гүйж очоод л шалгалтанд ороод тэнцсэн юм. 

Ажил уран бүтээлийн гараагаа эхэлж байсан үеэ дурсахгүй юу?

СУИС-ийн 2-р курст байхаасаа “Шинэ үе” продакшнд бүжигчнээр орж, тэнд байх үед Бооёо ах, Хүрлээ ах, Амбий ах, Аси ах нар маань намайг жинхэлж авч үлдсэн юм. Миний ажлын анхны гараа бол “Шинэ үе” продакшнтай зайлшгүй холбоотой. Тэр баг хамт олон, ах эгч нараасаа тэр дундаа  Г.Ундармаа эгч, Н.Ариунболд ахаасаа жүжигчин хүний хурд хүч, тайзан дээр биеэ авч явах байдал гээд бүх зүйлийг сурч авсан даа. Ер нь би хошин урлагаас ритм, хөдөлгөөний эвсэл гээд их олон зүйл сурсан. Тухайн үед “Шинэ үе” продакшнд байхад минь клип, кинонд тоглох санал их ирдэг байлаа. Гэвч дээрээ удирдлагатай, нэг байгууллагын эд эс учраас энд тэндхийн хамаагүй юманд тоглодоггүй байж байгаад хамгийн анх “Буруу эргэлт” УСКинонд “Шинэ үе”-ийн залуу уран бүтээлчид бүгдээрээ тоглож байсан юм. Тэр бол миний анхны кино байсан. Намайг их олон хүн “чи бол ерөөсөө хошин шогийн жүжигчин бишээ, чи алиалж чадахгүй байна” гэдэг байсан. Ингээд бодохоор багаасаа л тэгж адлуулж ирж.  Тэгсэн ч тэр бүхэнд нь намайг адаллаа ч гэдэггүй, гуниж гутардаг ч үгүй, ерөөсөө ч тоодоггүй байлаа. Зүгээр л энэ бол миний ажил, би ажлаа л хийж байна гэж боддог байсан. Одоо ингээд нас гуч гараад, ээж болоод ирэхээр би бүх зүйлийг ойлгож эхлэж байна л даа.  Муухайгаар ярьвал муу санаа сууна гэх юмуу даа. Ний, нуугүй хэлэхэд надад муу санаа дутмаг юм шиг санагддаг юм.

Өндөр бас царайлаг охидууд СУИС-д орох амархан. Нэг мэдэхэд л жүжигчин болж, гол дүрүүд оногддог гэж ярьдаг. Энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

СУИС-ийн босго их өндөр шүү дээ. Одоо ч гэсэн тийм байх. Намайг хүмүүс гаднаас минь хараад их дүгнэдэг л дээ. Их зантай, ярвагар ааштай гээд ярьдаг л юм. Би хүмүүсээс тэгж сонсдог л байлаа. Мэдээж би өөрөө очоод л би ийм зантай гээд хэлэхгүй шүү дээ. Ер нь бүх хүнд таалагдах албагүй л гэж боддог. “Шинэ үе”-д байхад минь зөндөө хүмүүстэй холбож янз бүрээр л ярьдаг байсан. “Энэ авъяасгүй юм байж яагаад ингээд “Шинэ үе”-д удаад байгаа юм бол” гээд л. Энэ бүхнийг би тайлбарлах гээд, зөвөөр ойлгуулах гээд гүйгээд байдаг төрлийн хүн биш юм л даа. Надад нэг тийм “албин” зан байхгүй /инээв/ Ихэнх зүйлийг хүмүүст шулуухан хэлчихдэг талдаа гэх юмуу даа. Гэхдээ эргээд тэр нь надад гай болдог байж магадгүй. Яахав, тухайн жил СУИС-д элсэлт авахдаа царай, зүс, ерөнхий төрхийг нь харж, шалгаж авч байсан юм. Би өөрийгөө царайлаг гоё сайхан гэж хэлэхгүй, тэгж боддог ч үгүй. Яахав жаахан өндөр нуруутай болохоор л магадгүй тэнцсэн байх. Одоо манай ангийнхан бол их сайхан жүжигчид, бүгд л уран бүтээл хийгээд л амжилттай явцгааж байна. “Шинэ үе”-д байхад минь, нэг удаа намайг хамт олны хурлаар авч хэлэлцлээ.  “Чи хүн инээлгэхгүй байна, ур чадвараа сайжруулмаар байна” гээд л. Тэгэхээр нь би хэлсэн л дээ, “за би яахав ээ, та хэд маань гараад л хүн инээлгэдэг улс. Харин би гарч ирээд тэр үхтэлээ инээсэн үзэгчдийг чинь жоохон амраая аа” гэсэн /инээв/. “Намайг хасвал хас хамаагүй, би угаасаа л чадахгүй байгаа юм чинь, тэрнээс би алиалая одоо хичээнээ гэж худлаа яриад яах юм бэ” гэсэн чинь манайхан чи нээрээ аймаар хүн шүү гэж байсан.\инээв\ Олон хүмүүс намайг ер нь драм, кино тал руугаа явах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээд одоо л нөгөө хүн төлөвшинө гэдэг шиг сүүлийн 6 жил би тасралтгүй их олон кино продакшнтай ажиллаа, их сайхан сайхан дүрүүд дээр ч ажиллаа. Энэ бүх зүйлд маш их баярлаж байгаа.

Урлагийн амьдрал богинохон, насны л ажил юм гэж ярих нь бий. Жүжигчин хүн тайзан дээр удаан амьдрахын тулд яах ёстой вэ?

Миний хувьд, ямарваа нэгэн уран бүтээлч хүн дээд үеийнхнээсээ үлгэр жишээ авч, тэднээс зөв сайхан зүйлсийг нь байнга суралцаж байх  хэрэгтэй гэж боддог. Жишээ нь би эмэгтэй жүжигчдээс  АЖ С.Сарантуяа эгчээсээ маш их хүнлэг, шударга занг нь сурахыг хичээдэг. МУСТА О.Энхтуул эгчээс эмэгтэй хүний гоо сайханлаг байдал, ямар ч хүнтэй хүн ёсоор нь харьцдаг зан гээд л сайхан талуудыг нь суралцдаг. Харин МУСТА Г.Ундармаа эгчээсээ уран бүтээлч хүний хурд, чөлөөт сэтгэхүйн цар, хүнтэй зөв сайхан харьцдаг чанарыг нь сурахыг эрмэлздэг. Хэрвээ “Шинэ үе”-д байхад минь намайг “чи болиочээ, хаяаач ээ, чи чадахгүй” гээд тэгсэн бол магадгүй би хаяж болох л байсан байх. Гэхдээ би тэгээгүй. Ямар ч байсан хүний итгэлийг алдахгүй юм шүү гэж бодоод л өдий хүртэл хичээж ирсэн.

Хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уудлан харуулдгаараа жүжигчний мэргэжил бусад мэргэжлээс эрс ялгаатай. Нэг талаар нийгмийн сэтгэл зүйч гэж хэлж болмоор. Энэ үүргээ биелүүлэхэд тань хангалттай дөхсөн гэвэл ямар дүрээ онцлох вэ?

Дэлгэцийн уран бүтээл маань нэг их олон биш ч өөрөө хайртай, дуртай гоё дүрүүд байдаг. Би “Байтаг Богд” киноныхоо дүрд их дуртай. Надад тэр дүрийг итгэл хүлээлгэж өгсөн уран бүтээлчиддээ маш их баярладаг. Тухайн үед миний амьдрал жаахан уначихсан, хүндхэн байсан. Тэр үедээ энэ уран бүтээлд ажилласан маань маш том нэр хүндийн асуудал болсон юм. Тийм ч учраас уран бүтээлчдийнхээ итгэлийг алдчихгүй юмсан гэж чин сэтгэлээсээ  хичээн ажилласан даа. Уран бүтээлээ хийгээгүй удсан байсан учраас дахиад шинэ баг хамт олонтой ажиллана гэдэг маань жүжигчин хүний хувьд эргэж босох уу, сэхэх үү гэдэгтээ л тулсан явдал байв. Ямар ч байсан боссон. Би чадахгүй юм байна гэж орхиогүй. Тийм болохоор одоо ингээд л ажлаа хийгээд явж байна даа.

Хүний амьдралд юу эс тохиолдох вэ, нэг өдөр туг барьж, нөгөө өдөр нь тугал хариулж явахыг хэн ч таашгүй. Та бол унаж босохын үнэнийг мэдэрч үзсэн хүн. Тэр мэдрэмжээ хуваалцаач?

Яг тэр алдаа хийгээд, алдаагаа мэдсэн үедээ хүн өөртөө ч итгэхгүй байдалд ордог юм байна лээ. Чи ийм хүн мөн үү гэж өөрөөсөө асуудаг ч юмуу, яагаад, ямар сонин юм бэ, юу болчихов оо гээд л гайхаж, цочирдсон байдалд л ордог юм билээ. Гэхдээ алдаа хийснээрээ би өөрийгөө зөвтгөөгүй. Эцсийн бүлэгт цаг хугацаа л бүхнийг харуулна байхдаа л гэж бодсон. Бид чинь дээрээ тэнгэртэй, биднийг бурхан харж л байгаа. Тиймээс хэн нь үнэн, хэн нь худлаа байсан бэ гэдгийг хүссэн хүсээгүй амьдрал шүүгээд өгдөг гэж би боддог. Гэхдээ би бусдад шүүлгэх гээд ч юмуу, өөрийгөө зөвөөр сайн хүн болгох гэж хичээгээд л худлаа жүжиглэж чадахгүй. Хүмүүс намайг муу гэж харвал харна л биз. Сайн гэж харвал харна л биз. Хүн зөвхөн өөрөө өөртөө л зөв байх шиг хамгийн сайхан чанар байхгүй гэж би боддог. Тэгээд ер нь хүнд чинь мэдлэг боловсролоос илүү хүний өссөн хүмүүжил гэдэг бол хэзээ ч алдаж, гээж, хаяж болохгүй, хүссэн ч хаягдаж болдоггүй тийм том сургууль байдаг гэдгийг одоо л олж мэдэж байна. Миний аав их нийтэч, олонтойгоо, инээд хөөртэй, алиа хошин мэдрэмж сайтай, хамт олондоо маш нэр хүнд сайтай хүн л дээ. Тэрнээс биш аав минь тийм том дарга, цэрэг хүн биш л дээ. Зүгээр л энгийн сайхан жолооч хүн. Биднийг жаахан байхад аав маань “нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэж л сургаж  өсгөсөн. Хүнтэй хүн ёсоор харьц гэдэг, ийм л ёсоор би хүмүүжсэн. Ийм зарчимаар өссөн хүн чинь ямар ч найз нөхөддөө үнэнч байж амьдардаг юм байна лээ. Энэнийхээ итгэлийг алдчихгүй юмсан, энэ нууцыг надад итгээд ярьж байхад нь би хэнд ч ярихгүй гэдэг ч юмуу яг л ийм зарчмаар би өссөн. Гэхдээ би найз нөхдөөсөө, өөр шигээ байхыг шаарддаггүй ээ. Зүгээр ирэх нь ирээд, явах нь явдаг хорвоо л гэж боддог л доо.

Хэдхэн хором тэвчсэн бол гэж харамсдаг уу?

Цаг хугацааг эргүүлж болдогсон бол гэж харамсдаг. Ухаантай хүн бол  яахав алдаагаа хараад засдаг байх. Ухаан муутай нь бол тэгээд л алдаад л явдаг байх даа. Яахав, хэзээ ч гэж хэлж болдоггүй юм гэсэн. Гэхдээ би одоо үлдсэн амьдралдаа алдаан дээрээсээ суралцаад л явж байна. Магадгүй хэн нэгэн алдаагаа ухаараад сургамж аваасай, бас эх хүний сэтгэл ямар байдаг гэдгийг мэдрээсэй гэсэндээ би кино хийсээн. Хэн нэгнийг буруутгаад , эсвэл өөрийгөө зөвтгөөд ч юмуу, би ийм хүн биш байхгүй юу гэж нийгэмд өөрийгөө зөвөөр таниулах гэж хичээсэнгүй. Уран бүтээлийг маань үзэж байгаад хүн та шүүх байхаа гэж бодож байна.

Таних танихгүй олон л хүн өөрийг чинь буруутгаж, харааж зүхэж байсан байх. Энэ бүхнийг давах сэтгэлийн тэнхээг юунаас олж авч байсан бэ?

Би бусдад хэрэггүй хүн байж болно. Гэхдээ би эцэг эх, ах дүү, үр хүүхэд, эмээ өвөөдөө хэрэгтэй хүн байхгүй юу. Тэрнээс биш би нийгмийн сэтгэл зүйнээс болоод хурдан ялагдахыг хүсээгүй. Доош нь жийх тусам, дээшилнэ гэдэг шиг л . Үр хүүхэд гэр бүлийнхэн минь зовж ядаж байхад би дахиад л өөрийгөө яллаад, нийгмийн хог шаар болохыг хэзээ ч хүсээгүй. Хүсээгүй учраас би босч ирэх ёстой гэж өөртөө хэлсэн. За яахав зүгээрээ, цаг хугацаа харуулна л гэж бодож явсан.

Алдаж, унасан хүн эргээд босох тийм ч амархан биш. Харин таны хувьд харьцангуй хурдан өндийж, Алдармаа гэж хэн бэ гэдгээ хувь хүний хувьд ч, мэргэжилийнхээ хувьд ч дахин шинээр харуулж  чадаж байна. Ингэж өндийх хэцүү байна уу. Шаналж, шантрах үе хэр тохиолдож байна?

Зүгээр л би энэ хорвоо ертөнц дээр гав ганцаараа юм байна гэдгээ л ойлгосон. Ганцаараа гэдэг нь юу гэхээр би сайн хүн шүү гээд л олон найз нөхөдтэй сайн хүний дүр эсгээд яваагүй. Гэхдээ манай урлагийн салбарт ч юмуу, миний эргэн тойронд байдаг хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг маш сайн мэддэг байх гэж би боддог. Тэр хэсэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй байх юмсан гэж л хичээж ирсэн.

Кино хийсэн тань маш том зоригтой алхам болсон гэж бодож байгаа. Яагаад заавал тэр газар болсон үйл явдлыг кино болгоё гэж бодов. Яг ингэж хийе гэсэн тэр зорилго, зориг хаанаас гарсан бэ?

Зориг ч гэдэг юмуу , зорилго ч гэдэг юмуу тийм зүйл бол надад байгаагүй л дээ. Энэ талаар би аав ээжтэйгээ ярихаас ч ичдэг. Сэтгэлийн мухарт байдаг тийм ичгэвтэр хэрэг байхгүй юу. Бахархалтай түүх юм шиг, энийгээ кино болгосон гээд энд тэнд яриад яваад байх утгагүй шүү дээ. Энэ киногоо хийхэд минь эргэн тойрон дахь хүмүүс маань намайг зоригжуулж өгсөн юм. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүн бол эх хүн л байдаг юм байна. Эх хүн бол асар их тэвчээртэй, хүчтэй хүн байдаг юм байна гэдгийг би тэр газраас ойлгож авсан. Намайг дэмжиж, сумлаж өгч байсан хүмүүсийн ачаар, би сумаа зөв тавьсан байхаа л гэж бодож байгаа. Тэрнээс би нийгмийн харилцаанд мартагдаж ядаж байгаа зүйлийг маркетинг ч юм шигээр ашиг хонжоо харж кино болгоогүй ээ. Ямар нэгэн хүн үзээд нээрээ амьдрал гэдэг чинь гоё шүү дээ гэж бодоосой, бие биенээ уучилдаг, хайрладаг байгаасай гэж хүссэндээ л киногоо бүтээсэн.  Ингээд найруулагчтайгаа ярьж байгаад нийгэмд аль болох зөв талаас нь харуулахыг зорьж хичээсэн.

Киноны нэрний тухайд ярихгүй юу?

Киноныхоо нэрийг би өөрөө өгсөн. Киноны эвлүүлэг явж байх хооронд  зүгээр суухгүйн тулд гэртээ 108 мөргөдөг байсан юм. Тэгсэн чинь нэг удаа тоолж явсан тоогоо мартаад болдоггүй. Тэгээд хүүдээ “ээж нь тоогоо мартаад байна миний хүү тоолоорой” гэсэн чинь хүү маань “ээжээ та яг 25 минут мөргөж байна. Таны унтахдаа сонсдог бурхны ая чинь 28 минут юм. Тэгэхээр та энэ аяаа тавьж байгаад мөргөөрэй” гэж хэлсэн юм. Тэр үед хүүгээ ямар хөөрхөн, ухаантай  юм бэ гэж бодож билээ. Ингээд бурхны дуу сонсоод мөргөж байхдаа киноныхоо нэрийг ер нь Төвд нэр байх ёстой юм байна гэж бодсон юм. Аав минь надад “Алдармаа гэдэг нэрийг би чамд зүгээр ч нэг өгөөгүй ээ” гэж хэлж байсан. Тэгтэл энэ нэрийг нь би хэн ч биш болгосон үе байсаан. “Маа” гэдэг чинь бурхны бүхий л тарни номонд ордог, эмэгтэй хүнд тохирсон утга агуулгатай, ээж гэсэн Төвд нэр л дээ. Тэгээд шинэ амьдарлын эхлэл, бүхий л юмны эх ундарга, эх хүн гэсэн утга агуулгатай нэр өгье гэж шийдээд, найруулагчтайгаа  ярьж зөвлөлдөж байгаад “Эхиймаа” гэдэг нэрийг кинондоо өгсөн дөө.

Киногоо нээхийн өмнөх хүлээлт, сэтгэл хөдлөл, догдлол хэцүү байсан байх. Ингээд киногоо нээлээ. Нээсний дараах мэдрэмж ямар байна?

Яг л адилхан л байна л даа. Ер нь би дотроо өөртөө тийм их итгэлтэй хүн биш. Ямар ч юман дээр зөв үү, буруу юу гэж байнга эргэлзэж байж ордог. Тэгээд киног маань хүн үзэх болов уу гэж маш их боддог байсан. Киногоо хийснийхээ дараа хэрэггүй ч хийжүү дээ гэсэн бодол ч их л орж ирдэг байлаа. Баг хамт олон маань “галт тэрэг нэгэнт хөдөлсөн, тийм болохоор одоо сэтгэл санаагаа тайван байлга, гоё кино болно гэж бодох ёстой” гэж хэлж байсан юм. Ингээд нээлтийн урилгаа танил дотно бүх хүмүүстээ өгсөн. Тэгтэл маш олон сайхан хүмүүс, урлагийнхан маань киноны нээлтэн дээр бүгд ирсэн. Би тэгнэ гэж  ёстой бодоогүй л дээ. Тэр сайхан мундаг хүмүүсээс урмын үг сонсоно гэдэг үнэхээр гайхалтай байсан. Нээлт маань ч их гоё болсон.  Тэгээд хамтарч ажилласан бүх хүмүүстээ маш их баярлаж байгаа.

Дүрүүдийн тухай ярихгүй юу. Тэр бодит хүмүүс яг кинон дээрх шиг л амьдралыг туулж яваа байх. Дүр сонголтууд их тохирсон юм шиг санагдсан. Дүр сонголтоо хэрхэн хийсэн бэ?

Дүр сонголт дээр би өөрөө ажилласан. Хэдийгээр бодит дүрүүд ч гэсэн хэнийг тоглуулвал наалдах бол, онох бол гэж шөнөжин өдөржин бодоод л зургуудаа тавьж харсаар байгаад, найруулагчтайгаа зөвшилцөж, шийдвэрлэсэн. Олны хүч оломгүй далай гэж үг байдаг. Тиймээс би ганцаараа зөрөөд зүтгээд байж болохгүй, хамт олныхоо үгийг сонсож байж дүрүүдээ сонгосон доо. Тэнд болсон үйл явдал, дүрүүдийн зан төрх, гээд бүх зүйлийг би бүгдийг нь ярьж өгч, ингэвэл яах уу, тэгвэл яах уу гэж маш их ярилцаж хийсэн. Тэрнээс биш би гол дүр гээд зүтгэж болохгүй. Би өөрөө гол дүр гэхээсээ илүүтэй, намайг тойрсон энэ дүрүүд гоё байгаасай, энэ жүжигчид мундаг байгаасай, энэ дүрүүдээс үзэгчид ямар нэгэн зүйлийг олж харааасай гэж л бодож хийсэн дээ.

Кинон дээр нэг ийм гоё текст байсан “Би ганцаараа тэр шоронд зовоод байгаа юм биш ээ. Миний аав ээж 2 надтай хамт тэр шоронд зовж байсан байна лээ” гэсэн үг. Таны аавын дүрийг МУГЖ Ц.Төмөрхуяг маш гайхалтай гаргасан байсан. Киноны нээлтэн дээр танай аав ээж тань ирсэн үү?

Нээлтэн дээр аав ээж хоёр маань ирсэн. Тэгээд аав маань ээжид минь хэлсэн байна лээ. “Хөгшин нь одоо үхэх эрхгүй боллоо” гэж /уйлав/  Би маш их зүйлийг туулж, үзэж, тэсэж тэвчиж гарч ирсэн. Тэр бүхнийгээ уран бүтээл болгоно гэдэг мэдээж хэцүү байсан. Киноны нээлтэн дээр О.Бат-Өлзий ах маань надад хэлсэн л дээ. “Эмэгтэй уран бүтээлчид ингэж уран бүтээл хийх ховор, бас хэцүү байдаг. Ах нь чамд баяр хүргэе. Чи сайн байна, цааш цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье” гэсэн юм. Би алдаа гаргасан нь уу гаргасан. Түүнийгээ ухаарсан уу, ухаарсан. Хамгийн гол нь хүн уучлалт гуйх сэтгэл зүрхтэй байгаасай гэж би хүсдэг. Би хүүдээ ч тэгж хэлдэг. “Чи заавал онц сурах хэрэггүй. Заавал хэлтэй, устай ч байх хэрэггүй. Миний хүү зүгээр л хүн бай. Ядруухан нэгэнд туслах чадвартай байх ёстой” гэж захьдаг. Аяга хоолоо хуваагаад идчих тийм сэтгэл зүйтэй л байх ёстой л гэж би боддог юм.

Алдаа оноо бүхэн минь ганцхан минийх биш гэж гол дүрийн эмэгтэй хэлж байсан. Алдсан алдаанаасаа Алдармаа яг юуг ухаарсан бэ?

Энэ санааг л  санааг гаргах гэж их хичээсэн. “Кинон дээрээ огт уучлалт гуйгаагүй байна шүү дээ” гэж олон сэтгэгдэл ирж байна лээ л дээ. Тэр бүхэнд хариулт хэлэхэд, би аль эрт уучлалтаа гуйсан, гэр оронд нь маш их очсон, энэ болгоныг би бусдад ярьж хэлээгүй л болохоос. Би ямар тэнэг хүн биш дээ,  эргэн тойрных нь хүмүүс бүгдээрээ л мэдэж байгаа байх. Хүн алдсан алдаагаа эргэж битгий давтаасай. Тухайн мөчид би очмооргүй, маш хүнд хэцүү үе байсан. Тэр хүний аав ээжид ч гэсэн хэцүү л байсан. Өөөрөө эхэлж дайралтанд өртөөд байж байхдаа тэр үед нь үхчихгүй яав даа ч гэж бодож байсан үе бий. “Надад гаргасан үйлдлийг нь буцаагаад гаргасан чинь ийм юм болчихлоо” гээд текст кинон дээр гардаг юм. Яг үнэндээ энэ миний тэнэгийнх нь л байхгүй юу. Энэ үйлдэлдээ би одоо болтол гэмшиж явдаг. Тэгээд аав ээжээсээ би уучлалт гуйсан. Одооны хүүхдүүд бидний үеийнхээс их өөр болж. Миний хүү бол өглөө болгон л “ээжээ хайртай шүү” гээд л үнсээд л хэлдэг. Тэгтэл бид яадаг билээ. Ээж аавдаа хайгртайгаа хэлэх гэхээр л уйлчих гээд байгаа ч юм шиг, их сонин байдаг. Ийм л баймааргүй юм билээ. Төрж байгаа мэдрэмжээ хуваалцаж л байх хэрэгтэй. Тэр “хэцүү” газар байхад минь долоо хоногийн дараа над дээр эргэлт ирсэн юм. Тэр үед би аавыгаа хараад өөрийгөө маш их харааж зүхсэн. Өглөө болгон аавынхаа нэрийг хамт дуудуулаад тоонд зогсч байх мэдрэмж үнэхээр гутамшигтай /уйлав/  Энэ мэт үйлдлүүд миний сэтгэл зүрхэнд яг кино шиг л үлдсэн. Хүн чинь зүгээр л тэнгэрээс унаад ирчихдэггүй шүү дээ. Чамтай хамт чиний гэр бүл, эцэг эхийн нэр, удам угсаа үргэлж хамт байдаг. Эцгийн чинь нэр үргэлж чиний нэртэй хамт дуудуулж байдаг гэдгийг би сайн ойлгож авсан. Тэгээд тэнд зогссон өдөр болгондоо би харамсаж өөрийгөө ялласан даа.

Ярилцлагын төгсгөлийг таньд үлдээе.

Бидний уран бүтээлийг дэмжин үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Миний анхны бие даан бүтээсэн, бүрэн хэмжээний уран сайхны кинонд алдаа, оноотой олон л зүйл байгаа байх. Гэхдээ уран бүтээлчид бид нэг нэгнийгээ  дэмжиж ажиллаад явах юм бол цаашдаа илүү сайхан бүтээлүүд төрөн гарах байхаа гэж бодож байна. Ингээд “Эхиймаа” уран сайхны киног минь мэргэн үзэгч та бүхэн минь өөр өөрийнхөөрөө шүүн тунгааж үзээрэй гэж хэлье.



Таньд баярлалаа
 

43 СЭТГЭГДЭЛ