Үндэсний номын сангийн өргөтгөлийн ажил 78 хувьтай байна

    Соёлын сайд С.Чулуун, дэд сайд Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар Үндэсний номын сангийн өргөтгөлийн ажилтай танилцлаа.  
 


Шинэ номын сан 450 хүний суудалтай, олон улсын стандарт, жишигт нийцсэн техник технологийн шийдэл бүхий цахим номын сан болох юм. Чөлөөт сонголттой, төрөлжсөн,цахим уншлагын танхимаар үйлчилгээ үзүүлж, ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлэх, аудио, видео, брайль ном боловсруулах тусгай өрөө, мини театр, хурлын танхимтай байхаар төлөвлөжээ.


 
    2014 онд шинэ үндэсний номын сангийн байрыг АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо барихаар болж барилгын ажил эхэлсэн. 11 давхар уг барилгын өртөг нь 12 тэрбум төгрөг. Гэвч ч төсөв, хөрөнгөөс шалтгаалж барилгын ажлын явц удаашраад байгаа юм. Номын сангийн шинэ барилгын төсвийг шийдэх, ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардана. Энэ хугацаанд түүх, соёлын үнэт өв болсон олон ном, судар устах эрсдэлтэй байсан. Тиймээс ийнхүү  эхний ээлжинд үндэсний төв номын сангийн одоогийн байрыг өргөтгөх ажлыг эхлүүлсэн юм. Өргөтгөлд 4.7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан.
 
Одоогийн үндэсний номын санг анх барихдаа 500 мянган номтой байхаар төлөвлөсөн ч эдүгээ 3.6 сая гаруй ном, судар хадгалж буй. Үүнд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар багтаж буй. Гэвч барилгын насжилт хэтэрч, зарим хэсэгтээ хана нь цуурч, суурь нь доошилсноор дээрх ном, судрыг хадгалах горим алдагдаад арав гаруй жилийн нүүр үзээд байгаа юм.


0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй