Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг БНХАУ-тай хийжээ

    Оны эхний 8 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 16.3%-иар буурчээ.
2020 оны 8 дугаар сард экспорт 690.2 сая америк доллар, импорт 511.2 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 28.1%-иар буурч, импорт 6.1%-иар өссөн байна.  

Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 8 сард 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 270.2 сая америк доллароор буурч, 1.0 тэрбум америк долларын ашигтай байна.
 
Оны эхний 8 сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдаа хийжээ

       2020 оны эхний 8 сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг эзэлж байна. БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний 35.1 хувийг чулуун нүүрс, 31.9 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 65.9 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 59.2 хувийг алтны экспорт эзэлж байна.
 
Алтны экспорт 3.3 дахин өсжээ

     Экспорт өмнөх оны мөн үеэс 908.2 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 317.7 сая америк доллар, нүүрсний экспорт 967.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Алтны экспорт өмнөх оны мөн үеэс 802.2 сая америк доллар буюу 3.3 дахин өсжээ. Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 97.4 хувийг эзэлж байгаа бол импортын 63.9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 638.0 сая америк доллароор буурахад автобензин, дизелийн түлш, суудлын автомашин, ачааны автомашины импорт буурсан нь голлон нөлөөлжээ.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй