СЭТГЭЛЗҮЙЧ М.ГАНБОЛД: Хүний төлөвшил гэдэг хамгийн дээд боловсрол юм даа


     Дэлхийн соёл судлаач, сэтгэл зүйч Мягмарсүрэнгийн Ганболдтой ярилцлаа. Тэрээр 2004 онд Энэтхэг улс руу философи, сэтгэл зүйн чиглэлээр сурахаар харь орныг зорьжээ. Түүнээс хойш дэлхийн бусад улс орны соёлтой танилцаж 40 гаруй орноор аялаад байгаа юм. Ингэхдээ тэрээр улс орны хөгжлийн гол үндэс суурь нь төлөвшсөн иргэн, иргэн рүү чиглэсэн бодлого, шийдвэр гэдгийг олж харжээ. 

Та олон жил гадаадад ажиллаж, амьдарсан байна. Тэгвэл бусад орнуудтай харьцуулахад манай улсын хөгжилд юу саад болж байна гэж харж байна вэ?

Ерөөсөө л улсын хөгжил ярихаасаа өмнө хувь хүний дотоод хөгжлийг л ярих нь зүйтэй. Европ орон яаж хөгжив гээд авч үзэхээр улс орных нь тэргүүлэгчид хувь хүн рүү чиглэсэн үйл ажиллагаан дээрээ ихээхэн анхаардаг байгаа юм. Харин манай улс иргэд рүүгээ бус эд юмс руу анхаарлаа хандуулаад байна л даа. Манай ард түмний хувьд амиа хичээсэн зантай. Би л болж байвал болно гэж боддог нь буруу ойлголт юм. Би биш бид гэсэн боловсролоор хангах хэрэгтэй байна.

Дэлхийн улсуудтай харьцуулахад Монголчуудын сэтгэл зүй ямар төвшинд байна? 

Монголчуудын нийгмийн сэтгэл санаа тогтворгүй гэсэн дүгнэлт гарсан. МУ-ын нийт ард түмний 10 орчим хувь нь л сэтгэл санаа нь тогтвортой буюу бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Харин 90 орчим хувь нь амьдралдаа сэтгэл хангалуун бус  хирнээ хангалуун юм шиг дүр эсгэдэг гэсэн судалгаа гарсан. Жишээ нь хүн бүрт гурван хаант улс байдаг гэж бодъё. Эхний хаант улс нь дотоод зан чанар цэгцэрсэн эсэх, хоёрдугаарт гэр бүл болон найз нөхөд, сүүлчийн хаант улс нь нийгмийн хаант улс юм. 1,2-р хаант улсыг эзэлж чадаагүй хүн 3-р хаант улсыг эзэлж чадахгүй шүү дээ.

Тэгвэл залуучуудад хандаж юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

“Боловсрол бол гэрэл биш” гэж АНУ-ийн ерөнхийлөгч хэлсэн байдаг. Тэгвэл юу гэрэл юм бэ гэвэл мөс чанар гэрэл юм. Одоо хүн бүр боловсрол эзэмших гэж, боловсрол дээшлүүлэх гэж ярьдаг болсон. Эцэг эхчүүд ч хүүхдүүдээ баян чинээлэг амьдрах ёстой гэсэн буруу ойлголтыг багаас нь сэтгэхүйд нь суулгасаар ирсэн. Тэгэхээр хүүхэд зөвхөн баян амьдрах ёстой гэсэн сэтгэлгээгээр хандаж мөнгөний араас хэтэрхий хөөцөлддөг болчихсон. Тэдгээр хүүхдүүд том болоод бизнес эрхлэхдээ гарч болох сөрөг үр дагаврыг тооцоололгүй 100 хувь ашгийг бодож бизнесээ эхлүүлдэг нь маш том алдаа болдог. Эцэстээ хувь хүний төлөвшил гэгч хамгийн дээд боловсрол юм даа.
 
Сэтгэлзүйч хүний хувьд өнөөгийн гэр бүл салалтын шалтгааныг юу гэж харж байна вэ. Манай улсад жилд дунджаар 3 мянган гэр бүл салж байна гэсэн тоо байна.  Дээр дурдсанчлан хувь хүний төлөвшил бас энд нөлөөлж байна уу?

Ихэнхи хүмүүсийн салалтын шалтгааныг би нэг зүйлээс хамааралтай гэж хэлнэ. Тэр нь юу вэ гэхээр хувь хүний төлөвшөөгүй зан чанар. Өөрөө төлөвшөөгүй бол хүн нөгөө хүнээ ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр асуудлыг өөрөөсөө хайж эхэлсэн цагаас нөгөө хүнээ ойлгож эхлэдэг. Гэхдээ эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодоход төлөвшил нь харьцангуй хойно явагддаг. 17-30 насны хооронд эрчүүдийн төлөвшил тогтдог тул эрчүүд гэрлэхэд яарах хэрэггүй.

Хөгжил өндөртэй орнуудад замын түгжрэл, утаа гэсэн ойлголт бараг байдаггүй шүү дээ. Үүнийг манайд яагаад одоог хүртэл шийдэж чадахгүй байна вэ?

Энэ нь шийдвэрлэж болшгүй хүнд асуудал биш. Хамгийн гол нь хийе гэсэн сэтгэл л дутаж байна даа. Түрүүн хэлсэнчлэн төр засгаас хүн рүүгээ чиглэсэн зүйл хийдэг байсан бол энэ асуудал болтлоо хүндрэхгүй байсан. Ард иргэд  рүүгээ чиглэсэн бус эд зүйл рүү чиглэсэн зүйлс дээр голлон анхаарч байгаа учир замын түгжрэл асуудал болтлоо хүндэрсэн гэж харж байна.

Таны хувьд гадаадад олон жил амьдарсан  байна. Энэ хугацаанд ямар бэрхшээл  тулгарч байв?

Бэрхшээл их олон байсан. Айлын хажуу өрөөнөөс эхлээд л амьдарч үзээгүй газар бараг байхгүй. Ер нь өөр оронд 2-р гурил шиг амьдардаг байсан. Цагаар ажил их хийдэг байсан даа. Далайн эрэг дээр бол зурагаа татуулчихаж байгаа юм. Харин тэр зурагны цаадхыг хүмүүс мэдэхгүй. Зарим хүмүүс гадаад гарчихвал л сайхан амьдарна гэж боддог юм шиг байгаа юм. Олон ч орноор явсаны эцэст эх орноос минь сайхан нутаг байхгүйг биеэрээ мэдэрчихээд ирсэн хүн сууж байна даа.

Сэтгэлзүйч мэргэжил танд өөрт чинь хэр нөлөөлдөг вэ?

Мэдээж их нөлөөтэй. Олон хүний сэтгэл санааны байдлыг шууд хүлээж авна гэдэг их хэцүү л дээ. Нэг хэсэг би хар тамхинд ч орж байлаа. Миний хувьд хүнтэй суух нас минь болсон ч хараахан гэр бүлтэй болж амжаагүй л байна.

Та одоо ямар ажил эрхэлж байна. Ер нь “Хувь хүний төлөвшил” гэдэг ойлголтын талаар олон нийтийг хамарсан ямар нэгэн ажил хийе гэж боддог уу ?

Би 2019 онд эх орондоо ирээд “Нэг алхам” нэртэй сургалтын төв байгуулсан. Яагаад ийм нэр өгсөн гэхээр хүн нэг л алхаж чадвал цааш нь бусдын тусламжтай, тусламжгүй өөрөө алхаж чаддаг. Энэ сургалтын төвөөр дамжуулан намайг зорьж ирсэн үйлчлүүлэгчиддээ “Хувь хүний төлөвшил”-ийн талаар сургалт явуулж, зөвлөгөө өгдөг. Мөн соёл хүнийг бүтээдэг юм байна гэж үйлчлүүлэгчид маань харж эхэлбэл миний зорилго биелэх учиртай.

Ярилцсанд баярлалаа