МУСТА, ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг. Мөөгий бол тийм л дүр...”

  МУСТА, ЖҮЖИГЧИН Б.НАВЧАА: “Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг. Мөөгий бол тийм л дүр...”

Чухам яагаад жүжигчний амьдралтай холбогдсон бэ? Жүжигчин болсон хамгийн том шалтгаан тань юу бол?

Ямарч шалтгаангүй ээ /инээв/ Тухайн үед сургууль сонгохдоо л тийм сонголт хийсэн. Тэрнээс биш жүжигчин болох юмсан гэж бодож, хүсэж, тэмүүлж явсангүй. Сохор азаар л болсон гэсэн үг. 1995 онд сургуулиа төгсөөд элсэлтийн шалгалт өгөх болов.  Миний хувьд цэргийн дээд сургуульд шалгалт өгөөд тэнцчихсэн байтал гэнэт цэргийн сургуульд ормооргүй санагдаад, гэтэл бусад сургуулийн хуваарь нь дуусчихсан байж таарлаа. Харин СУИС хамгийн сүүлд элсэлт авж байгааг олж мэдлээ. Тэгээд аль болох жүжигчнээс зайлсхийгээд урлаг судлаачийн ангид өгье гэтэл урд жил нь хоёрхон хүүхэд өгсөн гээд тэр жил элсэлт авахгүй гэлээ. Найруулагчийн ангид шалгалт өгье гэсэн чинь тэр ангид мэргэжлээрээ ажилласан настай хүмүүс авна гэсэн юм. Тэгэхээр яалтачгүй л жүжигчний анги тунаж үлдээд л шалгалт өгсөн. Ингээд л сохор азаар тэнцсэн. Тэгээд оюутан болоод багш нараар заалгаж байж энэ мэргэжлийнхээ утгыг ойлгосон доо. Тэгэхээр жүжигчин хүний өгөгдөл гэдэг өөрөө хамгийн гол нь мэдрэмжийн асуудал байдаг юм. Мэдрэмжтэй хүн л жүжигчин болно. Тэрнээс биш мянга хүсэж мөрөөдөөд болохгүй шүү дээ. Авъяас бол арын хаалга биш. Тэгэхээр ганц арын хаалгагүй мэргэжил бол жүжигчин гэж би боддог. Миний үед СУИС-ийг цөөхөн хүүхэд чанартай төгсөх хэрэгтэй гэж үздэг байв. Тэр үед манай ангид 21 хүүхэд орсон юм. Ангийн багш маань С.Сугар гэж хүн байлаа. 2-р курст ороход жүжигчин болохгүй хүүхдүүд нь мэдэгдээд ирнэ шүү дээ. Тэгээд “багшаа энэ хүүхдүүдийг эртхэн гаргаж хасаачээ, өөр мэргэжлээ сонгох хэрэгтэй шүү дээ” гээд хэллээ. Тэгсэн чинь багш маань “соёлтой үзэгчдийг бэлдэж байна” гэж хэлсэн. Энэ бол маш том философи гэж би боддог. Үнэхээр л соёлтой үзэгчид Монголд дутагдаж байна. Яахав бусдыгаа доромжилж байгаа юм биш. Гэхдээ урлагийн сургуулиуд бол соёлтой үзэгчдийг их бэлдэж байгаа шүү. Энэ дундаас хэдхэн л жүжигчин төрнө. Уучлаарай, угаасаа амьдралын шалгуур л энэ. Төгссөн болгон нь жүжигчин болно гэж байхгүй.

Сургуулиа төгсөөд хэсэг хугацааны дараа мэргэжилээрээ ажиллаж эхэлсэн санагддаг. Тэр хугацаанд ямар ажил хийж байсан бэ? Шалтгаан нь юу байв?

Уг нь бол пауз аваагүй юм. СУИС-д сурж байхад бид нарыг ерөөсөө халтууранд явуулдаггүй, кинонд тоглуулдаггүй байлаа. Одоо бол дураараа л кинонд тоглодог болсон. Би бол оюутан, боловсроогүй хүнийг кинонд авах дургүй. Багш минь биднийг оюутан байхад танхимаас гадуур ерөөсөө юманд явуулдаггүй байсан. Энэ хүмүүжил маш зөв гэж би боддог.1999 онд СУИС - ийг төгсөөд ажлын талбарт гарахад намайг хэн ч танихгүй шүү дээ. Тэгээд би “Zaya Sh” студийн захирал агсан Даваахай найзтайгаа хамт клипинд туслах найруулагчаар ажилладаг байлаа. Тэгээд 2000 онд Lumino хамтлаг ид мандаж байсан үед “Танихгүй охины захидал” гээд кинонд тоглож байсан юм. Намайг урлагийн зам руу хөтлөж оруулсан хүн бол Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай байв. Тэр мундаг хүний охин Г.Ганжаргал бид хоёр найзууд байхгүй юу. Тэр үед  бид хоёрыг хэн ч танихгүй шүү дээ. Тэгэхээр Ц.Гантөмөр гуайгаар хүмүүс рүү яриулах  нь байна шүү дээ. Энэ хоёрыг юманд аваадхаач ээ гээд. Тэгээд бид хошин урлагийн Гавъяат жүжигчин Б.Батзаяа ах дээр очиж байсан юм. Тэгээд тэнд тоглолтонд орж эхэлсэн дээ. Надад ерөөсөө завсардсан гурван жил л байдаг юм. Тухайн үед жүжигчид бага цалинтай байсан л даа. Тэгээд хошин урлагийн продакшнууд  Б.Батзаяа ахын тоглолтоос жүжигчдээ харж, сонгож авдаг байв. Тэгэхэд би “Х ТҮЦ” - ийн саналаар хэд хэдэн тоглолтонд орж байлаа. Анхны: “түүхий” жүжигчдээ хэн гаргаж ирдэг вэ гэхээр Заяа ах л гаргаж ирнэ. Тэндээс хамтлагууд жүжигчдээ шүүрч авдаг л үе байсан. Тухайн үед жүжигчний цалин чинь нэг тоглолтын хорин мянган төгрөг байсан санагдаж байна. Тухайн үед залуу хүн чинь тэр мөнгөө юм болгохгүй л үрчихнэ. Тэгтэл гэрийнхэн маань “чи ингэж байхаар Алтан дорнод гээд уул уурхайн компанид ор. Тэнд их өндөр цалинтай гэнэ” гээд тогоочийн туслахаар явуулчихсан юм. Тэнд очоод би найман сар ажилласан. Тэгээд урлагийн сургууль төгссөн, бас урлагийн хүмүүсийн дунд ажиллаад үзчихсэн хүн чинь яагаад ч тийм ажил удаан хийж чаддаггүй юм билээ. Тэгээд л буцаад ирсэн. Ингээд хүнтэй суугаад хүүхэд гаргаад том охиноо 2 сартай байхад нь “Ийм нэгэн дурлал” кинонд тоглож байлаа. Яахав тэгээд миний хамгийн том амжилт олсон бүтээл маань 2009 онд МҮОНТ-ээр үзэгчдэд хүрсэн “Хэцүү анги” олон ангит кино юм даа. Энэ киног би өөрөө зохиолынхоо санааг гарган зохиолчоор бичүүлээд, найруулж, , МҮОНТ-ийн үүдийг гурван жил сахиж байж дэлгэцэнд гаргаж байлаа. Тэгэхэд Ц.Оюундарь телевизийн захирал болоод миний төслийг дэмжиж, энэ кино бүтсэн түүхтэй. Тэгээд киногоо найруулаад, киноныхоо Янжин захиралын дүрд өөрөө тоглож хүмүүст нилээн танигдсан даа.

Олон жил кино, урлагийн салбарт зүтгэлээ. Киноны үнэлэмжийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Яахав алдаатай, оноотой л доо. Бид нэг нэгнийгээ муулах ёсгүй. Ер нь бол их олон хүн кино хийгээсэй гэж боддог. Олон дундаас л сайн уран бүтээл гарна шүү дээ. Тэрнээс биш юу ч хийж үзээгүй байж хүн муулаад ярихад амархан л даа. Харин хийж үзчихээд, өөрөө энэ кино урлагийн цөмийг нь ойлгож байж ярих хэрэгтэй. Гэхдээ ойлгоход бас олон жил зарцуулагдана л даа. A,B,C гэж зэрэглэл байдаг юм. Яахав, энэ зэрэглэлийг тогтоочихвол их зүгээр санагддаг. Гэхдээ тогтоодог байгууллага нь хэн байх вэ? Гэдэг бас хэцүү асуудал. Кино театрууд тогтоохоор бас сонин юм л даа. Гэхдээ энэ зэрэглэл бол байх ёстой гэж боддог. Зэрэглэл тогтоочихвол хүмүүс өөрсдөө сонголтоо хийгээд дэмий зүйлд мөнгөө үрэхгүй шүү дээ.

Дүрд хувирч, уран бүтээлд тоглохын тулд өөрөөс гарамгүй зориг, эрсдэл гаргаж үзсэн үү. Хэрэв байдаг бол бидэнтэй хуваалцаач?

“Үүр цайгаасай” киног нэрлэнэ. Тэр киног хийж байхад би дөнгөж төрөөд удаагүй байсан л даа. Тэгээд л нялх биетэй хүн тэр өвлийн хүйтэнд зурганд явж байлаа. Тэгэхэд гам алдаад одоо жаахан толгой өвдөх, яс янгинах гээд толгой нүцгэн зурганд орж байсны ул мөр үлдсэн. Яахав, тэгээд эрүүл мэндээрээ жаахан эрсдсэн л дээ. Тэрнээс биш эдийн засгийн хувьд бол эрсдэл гэж байхгүй, тэгж ч тооцохгүй л дээ. Алдаж л байдаг, онож л байдаг. Тэр бол нэг их асуудал биш юм.

Монголын кино урлаг цар хүрээгээ улам тэлсээр, олон сайхан бүтээлүүд төрөн гарч байна. Жүжигчин, найруулагч хүний хувьд сайн киноны шалгуурыг дурьдаач гэвэл та юу хэлэх вэ?

Сайн кино бол өндөр санхүү. Өндөр санхүүгээр бид өндөр боловсролтой хүмүүсээ худалдаж авна. Хэрвээ тэгэхгүй, таарсан хүмүүсээ аваад байвал тэр угаасаа тааруухан л кино болно. Энэ угаасаа мөнгө санхүүгийн л асуудал. Өндөр өртөгтэй байлаа гээд бас найруулагчийн ур чадвараас хамаарна. Ер нь киног бид бүтээл л болгож хийх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр киногоор мөнгө олдог юм байна гэж бодож хийвэл нэг удаа олно, хоёр дахь удаагаа чамаас нүүр буруулна. Бүтээл хийгээд байхад тэр бүтээл чамд өгөөжөө өгөөд л байх болно. Их орлого олохдоо биш шүү дээ. Гаргасан зардалаа олчиход л болж байгаа юм. Шунаад байх хэрэггүй. Өнөөдөр юу мөнх үлдэх вээ гэвэл бүтээл л шүү дээ. Бид үхээд л өгнө. Харин хийсэн уран бүтээл минь үлдэнэ. Жүжигчин хүн бол барималын шавар шиг юунд ч хувирдаг байх хэрэгтэй. Жүжигчнийхээ хувьд би найруулагчийн даалгавраар л ажиллах ёстой. Зургийн талбай дээр бол хамгийн том хүн найруулагч л байдаг.

Кино, уран бүтээл хийе гэхээр нөгөө л нэг хэдхэн жүжигчин дунд эргэлдээд байгаа юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү, шинэ дүр гаргаж ирэхийн тулд найруулагчид ер нь хэр хичээл зүтгэл гарган ажилладаг вэ?

Харин ч шинэ дүр төрхийг гаргаж ирэх тал дээр нилээн ажилладаг юм бишүү гэж боддог. Гэхдээ жүжигчин биш хүмүүсийг их тоглуулдаг. Ер нь манайхан чинь сошиал од ч юмуу тийм хүмүүсийг тоглуулах их дуртай. Тэгвэл хүмүүс их үзнэ гэж боддог юм шиг байгаа юм. Би бол түүний эсрэг. Бүр 100% эсрэг байдаг. Уг бүтээл, уг зохиол нь продюсерлэж байгаа миний санаанд нийцэж л байвал болоо байхгүй юу. Тэрнээс биш олон дагагчтай сошиал од байна уу гэдэг нь надад огт хамаагүй. Би бол кинондоо аль болох мэргэжлийн жүжигчин тоглуулахыг л боддог. Мэдээж хүүхдэд бол мэргэжлийн жүжигчин тоглуулна гэж байхгүй. Хүүхэд бол хүүхдээрээ л тоглоно. Гэхдээ бас мэргэжлийн бус мөртлөө мэргэжлийн юм шиг жүжиглэдэг хүмүүс бий. Тэрийг бас үгүйсгэж болохгүй.

Оюуны өмчийг хамгаалах асуудал дээр та ямар бодолтой явдаг вэ. Өчнөөн хөрнгө зарсан киногоо хэдхэн хормын дотор цхаим орчинд алдах эрсдэл манайд маш их байдаг. Үүний эсрэг хэрхэн тэмцэх ёстой юм бол?

Оюуны өмчтэй холбоотой асуудал Монголын нөхцөлд үнэхээр өрөвдмөөр түвшинд шүү дээ. Univision, Skymedia –д өгөнгүүт бичлэг хийгээд л цацчихдаг. Дуртай нэг нь Youtube –д оруулаад л шэйр хийгээд л явчихдаг. Танай гэр лүү чинь ороод цоожыг чинь эвдээд юм хулгайлвал уурлана биздээ. Яг үүнтэй л утга нэгтэй. Тэгтэл “юун сүртэй юм, өчнөөн мөнгө олчихоод” гэдэг. Үнэхээр  хэцүү. Нөгөө соёлтой үзэгчийн дутагдал гэдэг чинь л үнэн байгаа байхгүй юу. Адаглаад л бид  хулгайн киног шэйрлэдэггүй биз дээ. Энийг зогсоох ямар ч албан байгууллага байхгүй. Цагдаагийн газар нь ч чадахгүй, оюуны өмчийн газар нь ч шийдэж чадахгүй л байна даа. Хоёрт нэг ийм алдаа байгаа юм. Би “Амьдрал” УСК - гоо телевизд өгөхгүй байгаа. Яагаад гэхээр, зарим  хүмүүс зурагтаар гарчихдаг юм чинь яадаг юм, эсвэл сайтад тавигдахаар нь үзнэ гэдэг байхгүй юу. Энэ чинь бас л оюуны өмчийн хулгай шүү дээ. Тэгээд өөрсдөө энэ сэтгэхүйгээрээ оюуны хулгай хийгээд байна гэдгээ ойлгодоггүй. Нэг ёсондоо бидний бэлэнчлэх үзэл хэтэрхий хөгжсөн. Тэгэхээр энэ телевиз, кино, уран бүтээлчид хоорондоо менежментийн хувьд маш сайн холбогдох хэрэгтэй байгаа юм. Бид нарт яг нэг тооцоотой менежмент л байх ёстой. Тийм юм байхгүй, тус тусдаа байгаад байхаар энэ асуудал хөгжихгүй, шийдэгдэхгүй байна лдаа. Тэгэхээр оюуны өмчийн асуудал бол Монголд үнэхээр хаягдсан зүйл.

Тун удахгүй нээлтээ хийх “Эхиймаа” УСК нд дүр бүтээжээ. Энэ бүтээлийнхээ тухай ярихгүй юу? Ямар дүр дээр ажиллав?

“Эхиймаа” киноны талаар хүмүүс мэдээд эхлэж байна л даа. Бодит амьдарлаас сэдэвлэсэн гээд л. Хүмүүс бас над руу их юм бичиж байна. Ер нь хэн ч алддаг. Бүх хүн л алдаж байгаа. Алдсан алдаагаа ухаарч, ингэж алдаж болохгүй юм шүү гэдгээ  бусдад хэлж өгнө гэдэг маш том буян. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Ц.Алдармаа бид хоёр бол их дотно, эгч дүүсийн холбоотой хүмүүс. Хүнд “үгүй” гэж хэлж боломгүй тийм хүн байдаг. Ц.Алдармаа дүү минь миний хувьд тийм л хүн. Тийм учраас би дүүдээ туслаж кинонд нь орсон. Энэ кинонд би Мөөгий гэдэг эмэгтэйн дүрд тоглосон. Тэгээд судалгаа хийгээд явж байхад шоронд 300 хоригдол байсны 150 нь хүн амины хэрэгтэй байсан юм. Яагаад тийм хэрэг хийсэн бэ гэхээр нөгөө л архидалт, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг. Эмэгтэй хүн өөрийг нь зовоогоод, зодож нүдээд байхад гүрийгээд л, тэвчээд байдаг юм байна. Тэр судалгаанаас харахад шүү дээ. Харин үр хүүхэд рүү нь дайрах ямар нэг сэжим гарах л юм бол эмэгтэй хүн шууд тэсрээд л, асаад л тухайн хүчирхийлэгчийн амийг нь егүүтгэчихдэг. Тэгэхээр эмэгтэй хүнд үр хүүхэд гэдэг ямар чухал вэ гэдэг л байгаа юм. Үр хүүхдээ хамгаалах “зэрлэг зөн” эх хүнд цаанаасаа л байдаг. Мөөгий бол яг л ийм дүр. Өөрийг нь олон жил дарамталж, зодох нь хамаагүй. Үр хүүхдэд нь хүрсэн учраас л аймшигтай зүйл хийсэн, тэр “хэцүү” газар орсон.

Дахиад л хар бараан, хүчирхийлэл дүрслэгджээ, бас Навчаа тоглосон байна, гэж үзэгчид сэтгэгдэл бичсэн байсан. Заавал яагаад энэ сэдэв гэж? Үнийг заа.ал үзүүлэх ёстой юу?

Хар бараан нийгэмд хар бараан юм үзүүллээ л гээд байдаг л даа. Яахав, тэгээд инээмээр байвал хошин урлагаа үзэх хэрэгтэй. Харин ийм амьдрал байдаг юм байна гэж мэдэж, харж авахыг хүсвэл энэ уран бүтээлийг үзэх хэрэгтэй. Үзэгчдийн өөрсдийнх нь л сонголт. Тэрнээс биш бид заавал үз гэхгүй л дээ. Тэгэхээр хүн оршиж байгаа нийгэмд хүчирхийлэл байсаар л байна. Харин энийг л бид багасгах хэрэгтэй. Огт байхгүй болно гэж байхгүй. Хамгийн гол нь хууль хүн болгонд хүрдэггүй. Тиймээс юугаар хүргэх вэ гэвэл уран бүтээлээр л хүргэх ёстой. Кино гэдэг чинь нэг ёсондоо сургалт шүү дээ. Бусдад заавал юм бодогдуулж байх ёстой, заавал бодол үлдээж байх учиртай.

Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?

Энэ киног үзнэ гэсэн олон хүн байна лээ. Зарим нь хүний мууд дурлаж ч байх шиг байна. Гэхдээ хүн алдаагаа ухаараад хийж байна гэдэг чинь мундаг юмаа гэж бодож ирж үзэх хүн ч байгаа байх. Энэ бол хоёр талтай. Тиймээс энэ бол үзэгч таны л сонголт. Та ямар өнцгөөр хармаар байна, түүнийгээ л олж харна. харин найруулагч энэ киног ямар шийдлээр хийсэн бэ гэдгийг ирж үзээрэй л гэж хэлье дээ.
Танд баярлалаа
 
 

80 СЭТГЭГДЭЛ