ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн магистрын сургалтын төлбөрөө өөрийн орлогч Б.Алтанцомоор тушаал гаргуулан улсын төсвөөс төлүүлсэн

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал барих төсөл анх 2006 оноос яригдаж, 2013 онд ажил эхэлсэн ч өдгөө хүртэл ашиглалтад орохгүй хүлээгдэж байгаа. Ийнхүү урт хугацаанд хэрэгжиж байгаа тус төсөл нь дарга нарын мөнгө угаах нэг хэрэгсэл болсныг илтгэх баримтуудыг бид цувралаар сурвалжлан хүргэж буй.  Сурвалжилга хийх явцад ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн магистрын сургалтын төлбөр болох 2.891.700 төгрөгийг өөрийн орлогч Б.Алтанцомоор тушаал гаргуулан улсын төсвөөс төлүүлсэн.



Мөн хамаатан саднаа Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаад сургаж, ивээн тэтгэсэн зэрэг баримтууд бидэнд ирсэн юм. Ганцхан жишээ өгүүлэхэд, одоогийн дарга Л.Бямбасүрэн нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүнээр  ажиллаж байхдаа төрсөн ах Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт хил хорио цээрийн хяналтын газрын Л.Дашмягмаржавын охин Д.Таяаг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр  БНСУ-д улсын зардлаар сургуульд суралцуулах болж, үүндээ 56,750 ам.доллар гаргуулж дөнгөжээ.

Үүнээс гадна  Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар очсон цагаас хойш тус газрын хөрөнгө жижиг банкуудаар эргэлдэж эхэлсэн гэх мэдээлэл бий. Түүнийг дарга болсон цагаас хойш төрийн мөнгийг зөвхөн төрийн мэдлийн банкаар дамжуулах ёстой гэдэг Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй болж, Капитрон, Улаанбаатар хотын банк (одоогийн Худалдаа хөгжлийн банк), Богд, Чингис хаан, Тээврийн хөгжлийн банкинд ам.долларын данс нээж байршуулсан эхэлсэн зэрэг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй баримтууд гарч ирлээ. Энэ талаар эрэн сурвалжилсан “Эрэл” нэвтрүүлэг өнөөдөр орой “ТВ8” телевиз, www.check.mn сайтаар үзэгчдэд хүрнэ. 

"ЭРЭЛ" НЭВТРҮҮЛГИЙН ӨМНӨХ ДУГААРЫГ ҮЗЭХ: 




 


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй