СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуухан дээрх тогоо руу устай андуурч бензин хийснээс гал гарч хоёр хүн нас баржээ

Галын аюулаас үүдэн эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэндээрээ хохирч түлэгдэж бэртэх тохиолдлууд гарсаар байна. Өчигдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт нэгэн айлын Монгол гэр шатаж, гэр дотор байсан эмэгтэй 49 настай О, эрэгтэй16 настай Т нар шатаж нас барж, эрэгтэй 42 настай Т нүүр, гар, нуруу хэсгээрээ 80 хувийн түлэгдэлтэй гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч “О” зуухан дээр байсан тогоо руу устай андуурч бензин хийсний улмаас гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн өнгөрөгч 6 дугаар сард Архангай аймагт Монгол гэр шатаж эрэгтэй 5 настай “Э” нас барсан, Дорнод аймагт иргэн эмэгтэй 27 настай “Э” гэгч нь бензинээр галаа асаасны улмаас гал алдан гэр шатаж, 30 настай эрэгтэй “Б” болон 2-5 насны 3 хүүхэд гэмтсэн зэрэг хэргүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргүүд нь ихэнх тохиолдолд айл, өрхүүдийн ашиглаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, иргэдийн хайхрамжгүй үйлдэл зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүджээ.

Иймд ард иргэд бага насны хүүхдээ гэрт нь хараа хяналгүй орхиж үлдээхгүй байх, бензин ашиглаж гал асаах оролдлого, үйлдэл хийхгүй зэрэг галын аюулгүй байдлаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй